Гэрэл зургийн эх сурвалж: Өмнөговь аймгийн ОБГ-ын фэйсбүүк хуудас
Өмнөговь аймгийн нийт нутгаар өнгөрсөн хоногт үргэлжилсэн бороо орсон. Энэ тухай Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газраас Ханбогд суманд 74.0мм, Даланзадгадад 40.0мм, Манлайд 34.0мм, Цогт-овоо суманд 22.0мм бороо орсон байна. Тус аймагт сүүлийн 30 жилийн хугацаанд есдүгээр сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо орж байгаагүй гэж мэдээлжээ.
Борооны улмаас зам харгуй усанд автаж шавар шавхай элбэг байгаа бөгөөд иргэд баталгаагүй зам гарцаар зорчиж шаварт суух, техник хэрэгсэл нь эвдэрч гэмтэх дуудлага нэмэгдсэн байна.
Мөн Даланзадгад сумын нэг болон зургаадугаар багийн нутаг дэвсгэрт үер бууж айлын гэр, хашаа усанд автсан дуудлагуудын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллажээ.