Хэргийн тэмдэглэл: Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын ялын хэмжээг бууруулав
Хэргийн тэмдэглэл: Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын ялын хэмжээг бууруулав

Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэлээр хаалттайгаар хянан хэлэлцэж шийдлээ.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүний гэм бурууг энэ оны 1-р сарын сүүлээр шүүж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэл оноосон. Харин өчигдөр шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэлээр хаалттайгаар хянан хэлэлцэж шийдлээ. Энэ шийдвэрийг өмнөх анхан шатны шүүхийн шийдвэртэй харьцуулан хүргэж байна. 

Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар зарим шүүгдэгчид холбогдох хэргийг улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн хийгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилсөн, хүчингүй болгон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэсгийг зөвтгөн өөрчилж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Зохион байгуулалттай гэмт бүлэг: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар нь МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо” ТББ-ыг удирдаж явсан найзууд. Гэвч тэднийг энэ төрийн бус байгууллагад хамтран ажиллаж байсан найз нөхөд, туслах, зөвлөхүүдтэйгээ хамтран ашиг олох зорилгоор гэмт бүлэг байгуулсан гэж яллах дүгнэлт үйлдээд байсан юм. 

          1. Б.Ганхуяг: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан

МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, дэд даргаар ажиллаж байсан. 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тэргүүн дэд захирал, 2018 оны дөрөвдүгээр сараас гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байдаг. Түүнийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан хахууль авах /22.4.2/, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /22.1.2/, үндэслэлгүйгээр хөрөнгөжих /22.10.1/, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх /18.7.1/ гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж буруутгасан. 

Анхан шатны шүүхийн шийдвэр: Б.Ганхуягийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноосон.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Иймээс шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих ял болгож буурууллаа. 

         2. Т.Аюурсайхан: УИХ-ын гишүүн асан

МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо” ТББ-ыг Б.Ганхуягтай хамт үүсгэн байгуулсан. Харин УИХ-ын гишүүн болсныхоо дараа өөрийн найз Б.Ганхуяг болон туслах, зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүстэйгээ хамтран зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж /20.3.3/, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн /22.10.2/ хэрэгт буруутгасан.

Анхан шатны шүүхийн шийдвэр: Т.Аюурсайханыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оноосон.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, ялыг 2 жил 6 сар хорих ял болгож буурууллаа. 

5 

  1. Б.Отгонжаргал: Т.Аюурсайханы туслах

Б.Отгонжаргал нь МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо” ТББ-д Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан. Дараа нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлтсийн дарга, дотоод аудитын албаны дарга, ерөнхий аудитор болж дэвшсэн. Түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /22.1.1/ үндэслэлгүйгээр хөрөнгөжих /22.10.1/ хэрэгт буруутгасан. Отгонжаргал нь 500 сая төгрөгөөр “Mercedez Benz G-500” автомашин худалдаж авахаас гадна мөрдөн шалгах ажиллагааны үеэр аавынх нь гэрээс их хэмжээний мөнгө олдсон байдаг. 

Анхан шатны шүүхийн шийдвэр: Б.Отгонжаргалыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноосон.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ялаар шийтгэлээ.

Мөн Давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

  1. И.Даваадорж: Т.Аюурсайханы туслах, менежер

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы туслах, зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв. Түүнийг нийтийн албан тушаалтан хахууль авах /22.4/ хэрэгт буруутгаж байна. 

Анхан шатны шүүхийн шийдвэр: И.Даваадоржийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутгасан. Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноосон.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

4 

  1. Г.Гантөмөр: “Лаки лайф” ХХК-ийн захирал

Г.Гантөмөр нь И.Даваадоржийн хамаарал бүхий хүмүүстэй хамтран “Лаки лайф” ХХК-иараа  Ар гүнтийн аманд тансаг зэрэглэлийн хаус барьж, худалдсан. Иймээс түүнийг энэ хэрэгт яллагдагчаар татан шүүсэн.

Шүүхийн шийдвэр: Г.Гантөмөрийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял оноов.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

  1. Б.Эрдэнэбаяр: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтын хэлтсийн  дарга асан

Энэ хэрэгт “Эрдэнэс тавантолгой” ХК-аас яллагдагчаар татагдсан гурван хүний нэг.

Шүүхийн шийдвэр: Б.Эрдэнэбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.  Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял оноов.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

3 

  1. Х.Батхишиг: “Хишиг арвин индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Б.Ганхуяг нь  “Эрдэнэс тавантолгой” ХК-ний гүйцэтгэх захирал болсныхоо дараа “Хишиг арвин индустриал” ХХК-тай хоёр удаа нийт 1.5 их наяд төгрөгийн гэрээ байгуулж, давуу байдал олгосон гэж үзэж байна. Иймээс энэ хэрэгт тус компанийн гүйцэтгэх захирал Х.Батхишигийг яллагдагчаар татсан. 

Анхан шатны шүүхийн шийдвэр: Х.Батхишигийг өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000.000 төгрөгөөр торгох ял оноосон.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Батхишигт эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдлээ.

  1. О.Дагвадорж: “Ган-Инж деволмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал

О.Дагвадорж нь хамтран хувьцаа эзэмшдэг, хамаарал бүхий этгээд болох Б.Ганхуягтай хамтран спорт цогцолбор, орон сууцны барилга барьсан. Ингэхдээ нийтийн албан тушаалтан хахуул авах /22.4/, мөнгө угаах /18.6/ гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. 

Шүүхийн шийдвэр: О.Дагвадоржийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял оноов.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

neg 

  1. Т.Түвшинбаатар: Т.Аюурсайханы дүү

Т.Аюурсайханыг Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд адууны жүчээ барьж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн. Харин үүнтэй холбоотойгоор түүний дүү Т.Түвшинбаатарыг худал мэдээлэл өгсөн хэрэгт буруутгасан. 

Шүүхийн шийдвэр: Т.Түвшинбаатарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. Гэмт хэргээс улмаас олсон хөрөнгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

  1. П.Бадамханд: Ганхуягийн эхнэр

Б.Ганхуягийг хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж байгаа юм. Харин түүний эхнэр П.Бадамханд нь “Пеарл пропертиз” гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай. Түүнийг эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд заасан “гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэх хэргээр шүүсэн. 

Шүүхийн шийдвэр: П.Бадамхандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

  1. О.Данзанлувсантүдэв: Говийн IX Ноён хутагт

Түүнийг мөрдөн байцаалтын үеэр "Худал мэдүүлэг өгсөн" хэргээр шүүж байгаа аж. Ноён хутагтыг Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандын гуйлгаар түүнд мөнгө зээлдүүлсэн гэж худал мэдүүлэг өгсөн гэж байгаа ч одоогоор энэ тухай албан ёсны мэдээлэл алга байна. 

Шүүхийн шийдвэр: О.Данзанлувсантүдэвийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. Гэмт хэргээс улмаас олсон хөрөнгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс зарим шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөнгөн дүнг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн гэсэн боловч яг яаж өөрчилсөн тухай шүүгчийн тоймд тодорхой мэдээлээгүй тул, шүүгдэгч нарт оногдуулсан мөнгөн торгуулийн хэмжээг анхан шатны шүүхийн шийдвэрийн дүнгээр оруулсан болно.