Хилийн заставд бүтээсэн амьдрал - хошууч Х.Жаргалсайхан, дэд ахлагч Г.Шинэцэцэг
Манай энэ удаагийн зочин хилийн цэргийн 0286 дугаар ангийн зэвсэг, химийн албаны дарга, хошууч Х.Жаргалсайхан, түүний гэргий тус ангийн ахлах холбоочин, дэд ахлагч Г.Шинэцэцэг нар. Эх орны умард хязгаар аглаг хангайн эздийн нэг хилчин хосууд. Оюутан ахуй цагаасаа танилцан үерхэж, хайр дүүрэн гэр бүлээ бүтээж, хүн бүрд олддоггүй, хүссэн бүхэн даадаггүй хилчин хэмээх эрхэм үүргийг хамтдаа гүйцэтгэж яваа залуус. Хошууч Х.Жаргалсайханы ярианаас эр цэрэг, хилчин хүний алба ажил, эх орноороо бахархах сэтгэл, эрэмгий зоримог зан цухалзаж байсан бол Г.Шинэцэцэгээс гэргий хүний хайр халамж, хилчин эмэгтэйн хатуужил мэдрэгдэж байлаа. Бүтээсэн амьдралаа бүтэн байлгаж алс хязгаарт хилчний амьдралаар амьдарч, түүндээ дүүрч, бахархаж явдаг сэтгэлийн хаттай, хатуужилтай бүсгүйчүүд хилийн заставд суудаг ажээ. Ингээд эр цэргийн тангарагт хамтдаа багтаж, эх орондоо түүх, эгэлхэн амьдралдаа дурсамж бүтээж яваа цэл залуухан хосын яриаг хүргэж байна.
Хадам аав маань “Заа, миний охин ямар ч байсан байгаад үз дээ” гэж хэлсэн
Х.Жаргалсайхан: Би 11 жилийн өмнө энэ ангидаа томилогдож ирж байлаа. Ангидаа, салбаруудад, буцаад ангидаа гээд л ажиллаад байна даа. 0300 дугаар салбарынхаа захирагчаар ажиллаж байгаад 2019 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг дэмжих UNMISS ажиллагаанд оролцсон. Одоо ангийнхаа зэвсэг инженер, химийн албаны даргаар ажиллаж байна.
Батлан хамгаалах их сургуульд таван жил суралцаж төгссөн армийн хүн шууд энэ албанд ороход хилийн цэргийн талаарх мэдэгдэхүүн тун бага байсан. Анх хилийн цэргийн ангид томилогдож ирээд сайхан удирдлагууд, салбаруудын дарга, орлогч нараасаа суралцаж эхэлсэн дээ. Олон жил ажилласан харуулын дарга ахлагч нар их том багш байдаг.
Дээрээс нь хил хамгаалалтын чиглэлээр тушаал, заавраас эхлээд бүгдийг нь уншиж судалж тодорхой ухагдахууныг олж авч байсан. Цаашлаад салбарын захирагчаар ажиллаж, тэр хугацаанд манайх “Тэргүүний салбар” болж, олон сайхан амжилт гаргаж байлаа. Энэ бүхэн бол эв нэгдэлтэйгээр ажиллаж, бүхнийг хийж чадаж байсан салбарын хамт олны минь хүч юм.
Дунд сургуульд байхаасаа л гүйлтээр хичээллэдэг спортод дуртай байсан учраас их сургуулийнхаа хоёрдугаар дамжаанаас авхуулаад л армийн маршийн тэмцээнд тогтмол оролцож, дээд дамжааны ах нараараа заалгаад л хичээллэж эхэлсэн. Энэ маань ч өнөөдрийн намайг бүтээхэд том нөлөө үзүүлсэн гэж боддог. Би бол эх орныхоо торгон хилийн дархан байдлын төлөө энэ албанд үүрэг гүйцэтгэнэ гэж амлалт өгч, мөрдэс, цолыг нь зүүж тангараг өргөсөн хүн. Бүх л зүйлд хичээнгүйлэн оролцож, цэргийн хэргийн мэдлэг, биеийн хүчний боломж бололцоогоо дайчилдаг даа.
"Сайн ханьтай учирсных сайхан байгууллагад сайхан ажиллаж, амьдраад явж байна"
Г.Шинэцэцэг: Би Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Гэхдээ долоон настайдаа энэ нутгаас гарч явсан ч төөрсөөр төрөлдөө гэгчээр бэр нь болоод эргээд ирсэн. Монгол Улсын Их Сургуулийг монгол-англи хэлний судлаач мэргэжлээр төгссөн. Одоо хилийн цэргийн 0286 дугаар ангид ахлах холбоочноор ажиллаж байна. 2013 онд гэр бүлийн хүн маань энэ ангид томилогдоход цугтаа ирж байсан. Хилийн салбарт цэргийн тогоочоор ажлын гараагаа эхэлж буудлын эрхлэгч, туслах холбоочин хийж үзсэн. Мэдээж тогоочийн сургалт, холбооны курст суралцсан даа. Манай гэр бүл, хамаатан саданд цэргийн хүн байхгүй. Хувь тавилангаа дагаад явсан чинь өөрөө хүртэл цэргийн хүн болчихсон. Сайн ханьтай учирсных сайхан байгууллагад сайхан ажиллаж, амьдраад явж байна.
Анх ирэхдээ хилийн застав гэдгийг их гоёор төсөөлж байлаа. Төсөөллөөс өөр юу ч байхгүй л дээ, өмнө нь харж, ирж байгаагүй юм чинь. Тэшиг суманд ирж хоноод өглөө нь наашаа яваад л байлаа. “Заа ирлээ” гэхээр нь “Хаана байна аа?” гэтэл хэдэн байшин л харагдсан. Манай аав бид хоёрыг хүргэж өгч байсан юм. Тэгээд буцахдаа “За, миний охин ямар ч байсан байгаад үз дээ” гэж хэлээд явж байсан. Би “Байж чадахгүй бол яах юм бол, ирээд авах юм болов уу?” гэж бодоод үлдэж байж билээ.
Ирэхдээ би дөрвөн сартай жирэмсэн, том хүүхдээ тээж байсан. Хэдийгээр 4-5 жил үерхэж нөхөрлөсөн хосууд боловч шинэ, хүн таньж мэдэхгүй газар дасан амьдрахын тулд үл ойлголцох, маргалдах зүйл гарна. Манай хилийн заставын эмэгтэйчүүд гэж хүний ээж шиг, эгч шиг хүмүүс байдаг. Тийм сайхан сэтгэлтэй эгч нарын халамжид их бөмбөрсөн дөө. Хэдий цөөхөн, буйдхан боловч тэнд ганцаардаж янз бүр болох тухай асуудал үүсэхгүй шүү дээ. Манайх гурван хүүхэдтэй. Төрөөд хүүхдүүдтэйгээ байж байгаад л ажилдаа орно, амьдрал өрнөнө.
Хилчин хүн бусдыг хайрлаж чаддаг байх ёстой
"Эх орондоо өргөсөн тангараг, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагынхаа төлөө хугацаатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг ямагт хичээдэг"
Х.Жаргалсайхан: Хилийн салбарын захирагч бол маш няхуур, сонор байх ёстой. Бидний үндсэн үүрэг бол хил хамгаалалт. Үүрэгт ажлаа биелүүлэхийн тулд хүнээ сайхан мэдрээд л ажиллах ёстой гэж боддог. Ер нь хилчин гэж бусдыг хайрлаж чаддаг, зарчимч, бат чанга, гаргасан шийдвэртээ эзэн болох чадвартай хүнийг хэлэх болов уу. Хамгийн гол нь худал хэлж болохгүй хэрэв тэгвэл хил эзгүйрнэ.
Эх орондоо өргөсөн тангараг, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагынхаа төлөө хугацаатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг ямагт хичээдэг. Миний ганц боддог юм “хил зөрчилгүй байг, хилийн торгон дээсийг минь буруу номтон бүү гишгэг” гэж бодож явдаг. Энэ маань л одоо хайр байх даа.
Г.Шинэцэцэг: Манай заставын эмэгтэйчүүд гайхалтай ажилсаг, хамгийн сайхан угтаж, хүлээж авдаг, зочломтгой. Тийм зан чанартай бүсгүйчүүд хилийн цэрэгт л байдаг шүү дээ. Хилд зүтгэж буй эр нөхрүүдийнхээ ард маш том бат багана болж байдаг. Ер нь айл гэрийн эмэгтэй хүн ямар байхаас эр нөхрийнх нь байдлыг шинжиж таньж болдог шүү дээ. Хилчид олон хоногоор хилд явна. Тэр хугацаанд санаа зовох зүйлгүйгээр гэр орон, үр хүүхдүүдээ халамжилж, өөрсдөө үүргээ гүйцэтгэж байдаг үнэнхүү хатуужилтай, хөдөлмөрч бүсгүйчүүд хилийн заставд байдаг. Заставаас ангийн төв рүү орж ирснийхээ дараа маш их санаж буцаад явмаар санагдаж байж билээ. Ээнэгшин дассан энэ байгууллагадаа ажиллаж байгаад л тэтгэвэртээ гарна даа.
Ханиа хайрлаж, арыг нь бат даагаад явж байх нь миний эх орноо хайрлаж буй хайр
"Яагаад хилийн цэрэгтээ үлдчихсэн юм бол оо? гэж боддог юм. Мэдээж, хариулт нь миний хань л байдаг"
Х.Жаргалсайхан: Ханьдаа их баярлаж явдгаа хэлмээр байна. Яах вэ, залуу улсууд юм чинь нэгийгээ баярлуулах үе зөндөө л дөө. Гэхдээ баярлалаа гэж нэг сайхан хэлж байгаагүй юм аа. Яагаад хилийн цэрэгтээ үлдчихсэн юм бол оо? гэж боддог юм. Мэдээж, хариулт нь миний хань л байдаг. Хань минь байгаагүй бол би ингэж сайхан хүсэл эрмэлзэлтэй ажиллаж чадахгүй байсан байх. Миний энэ албанд орсон нь ч их гэнэтийн. БХИС-ийн төгсөх курсийн сонсогч байх үед найз маань “хилийн цэрэг рүү орчихвол яасан юм бэ?” гэдэг асуулт гаргаж ирээд тийм яриа болсон. Тухайн үед армийн маршийн шагналт байранд орчихсон хүчний байгууллагуудаас ажлын урилга саналууд авсан байсан л даа. Гэхдээ л нөгөө ярианыхаа дагуу ер нь ямар байгууллага юм бэ гээд танилцахаар ХХЕГ-т очсон юм. Хилийн цэргийн 80 жилийн ой тохиож байсан үе. Ер нь тэгж очоод л хилийн цэргийн мөрдэстэй болсон. Тэр цагаас хойш сайхан ажиллаж байна.
Ер нь томилолт авч ирснийхээ дараа жаахан тулгамдаж байсан шүү. Уг нь би чинь хөдөөгийн хүүхэд шүү дээ. Гэхдээ л ийм газар чинь яаж ажиллах болж байна аа гэдэг бодлууд орж ирж ч байсан. Миний хилийн заставд тогтож үлдсэн хүч тулгуур, цолыг нь зүүсэн албандаа үнэнч яваагийн шалтгаан бол хань минь юм. Ханьдаа баярлалаа.
"Ханиа сайхан хайрлаж, үр хүүхдээ өсгөж, арыг нь бат сайн даагаад явж байх миний эх орноо хайрлаж буй хайр гэж боддог"
Г.Шинэцэцэг: Эмэгтэй хүмүүс өөрсдийн хүссэн зүйлээ хийгээд л амьдарч байна. Зарим нь карьертаа анхаарч, ажилдаа шамдаж, зарим нь ээж болж хүүхдүүдээ өсгөж гэх мэт. Миний хувьд эмэгтэй хүн насны эцэст айл гэрийн эзэгтэй хүний хань, хүүхдүүдийн ээж гэдгээрээ бахархаж, тэрийгээ мэдэрч аз жаргалтайгаар амьдардаг юм уу гэж боддог. Ялангуяа манай хилчин эмэгтэйчүүд үр хүүхдийн сайн ээж, хүний халамжит хань байх гэдгийг утгаар нь мэдэрдэг юм болов уу гэж хардаг.
Хань ижлээ дагаад энэ байгууллагын хаалгаар ороод ирсэн хүн чинь хүлээсэн үүрэгтэй, өргөсөн тангарагтай ханиа сайхан хайрлаж, үр хүүхдээ өсгөж, арыг нь бат сайн даагаад явж байх нь миний эх орноо хайрлаж байгаа хайр гэж боддог доо. Хэдийгээр би цол зүүсэн хилийн цэргийн алба хаагч, үүрэгт ажил, хариуцсан алба гүйцэтгээд явдаг. Гэхдээ миний албан ажил дархан хилдээ үүрэг гүйцэтгэж буй эрчүүдийнхтэй харьцуулшгүй юм.
Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье.