Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягт танилцуулах арга хэмжээ боллоо.
УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуулиар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгохоор тусгасан. Гэхдээ намууд энэ санхүүжилтийг авахын тулд эхлээд тайлангаа гаргаж, хэд хэдэн шаардлага хангасан байх ёстой юм.
Тухайлбал, намын дотоод бүтцийн байгууллагууддаа аль нэг хүйсийн төлөөллийг 40 хувиас багагүй байлгах, гишүүдээ хүйсээр ялгаварлахгүй, сонгуульд нэр дэвшигчээс мөнгө, хөрөнгө, дэнчин, барьцаа, мөнгөн бус хөрөнгө авах, шаардахыг хориглосон. Мөн нэр дэвшигчийн хүйсийн квотыг шаардлагыг хангасан байх зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг давж чадвал санхүүжилт авах боломж нь бүрдэнэ.
Ингээд зогсохгүй тухайн нам нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү буюу давуулж нэр дэвшүүлсэн тохиолдолд хүний тоогоор нэмэлт санхүүжилтийг жилд нэг удаа авахаар тусгасан нь шийдвэр гаргах түвшинд нийгмийн бүлгийн төлөөллийг хангах дэвшилтэт хууль болж чадсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгууль болон энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцож буй улс төрийн намууд дээрх шаардлагыг хангаж чадсан уу? Монгол Улсын их хурлын сонгуулиар шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж 17.1 хувиас 25.4 хувь болж өссөн ч нөхцөл байдал өөрчлөгдсөн гэвэл өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болсон 32 эмэгтэйгийн 24 нь жагсаалтаар сонгогдож, найман эмэгтэй тойргоос төр түшилцэх эрхээ авч чадсан. Энэ нь намууд дотооддоо хүйсийн төлөөллийг тэгш өрсөлдөх боломжоор хангаж чадахгүй, мөнгөний сонгууль явуулдаг буруу бодлогоо халж чадаагүй байгаагийн илрэл гэдгийг судлаачид хэлж байгаа юм.
Арга хэмжээнд улс төрийн намын төлөөлөл, ЖҮХ-ны гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Иймээс Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягт”-ыг Үндэсний статистикийн хорооноос боловсруулж, танилцуулах ажлыг Жендэрийн үндэсний хорооноос өнөөдөр зохион байгууллаа. Санхүүжилтийн босго давсан намууд дээрх маягтын дагуу тайлангаа Жендэрийн үндэсний хороонд хүргүүлж, тайланд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо санхүүжилтийг намуудад олгох зохицуулалттай. Мөн төрөөс олгосон санхүүжилтийн тодорхой хувийг олон нийтэд улс төрийн боловсрол олгох, эмэгтэйчүүд хийгээд бусад бүлгийн улс төрийн оролцоог дэмжих чиглэлд зарцуулах үүрэг хүлээж байгаа юм. Энэ хуулийн өөрчлөлт нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хариуцлагажуулах, бодлогын нам болгоход бодит дэмжлэг болно гэж үзэж байна.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын төлөөлөлд Жендэрийн үндэсний хорооны техникийн зөвлөх Т.Амгалан “Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягт”-ыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Жендэрийн үндэсний хороо Үндэсний статистикийн хороотой хамтран захиргааны 3, бүртгэлийн 2 нийт 5 маягтыг баталжээ. Үүнд:
Жендэрийн үндэсний хорооны техникийн зөвлөх Т.Амгалан
Намын анхан шатны байгууллагаас бүртгэлийн маягтыг аймаг, нийслэлийн намын байгууллагадаа хүргүүлнэ. Харин аймаг нийслэлийн намын байгууллага мэдээллээ 2-р сарын 10-ны дотор намын төв байгууллагадаа хүргүүлнэ. Намын төв байгууллага нэтгэсэн мэдээллээ 3-р сарын 1-ний дотор Жендэрийн үндэсний хороонд цахим болон цаасан хэлбэрээр өгөх юм. Жендэрийн үндэсний хороо улс төрийн намуудын гаргасан мэдээнии маягт дээр үндэслэн дүгнэлт гаргаж, жил бүрийн 8-р сарын 1-нд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Хэрэв тухайн нам жендэрийн бодлого, шаардлагаа хэрэгжүүлээгүй бол СЕХ-оос санхүүжилтийг нь зогсоох арга хэмжээ авах юм.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр
Нийгмийн хөгжлийн үйл явцад эмэгтэй эрэгтэй хүмүүс ижил тэгш оролцож байгаа ч шийдвэр гаргах түвшинд өөр байгаа нь жендэрийн хувьд тэгш бус байдал үүсгэж байна. Улс төрийн намуудаас хүйсийн тэнцвэрт байдлын тайлан авснаар тухайн нам өөрөө бодлогын нам болох, хөгжлөөс хэнийг ч хоцрогдуулахгүй байх, эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нас насны бүлгүүдээ тэгш оролцуулах боломж бүрдэх юм. Ирээдүйд ийм ач холбогдол, үр нөлөөтэй учраас Жендэрийн үндэсний хороо Улс төрийн намын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд өнөөдөр энэ маягтыг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрлийг аваад олон нийтэд танилцуулж байна. Одоо хамгийн том хяналтыг олон нийт тавина. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ тайланг нээлттэй байхыг шаардаж, мэдээлэл бичдэг байх, их дээд сургуулийн оюутнууд тус тайланд тулгуурлан намуудын хөгжил дэвшлээр эрдмийн ажил бичдэг байх, иргэний нийгэм, ТББ-ууд энэ мэдээллийг бүхий л талаар олон нийтэд хүргэх боломжийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Жендэрийн үндэсний хорооноос анхны тайлан мэдээллийг 2025 оны 3-р сард багтаан авч 5-р сар гэхэд олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна. Намуудын хувьд анхан шатнаасаа эхлээд бүх мэдээллээ ил тод, нарийвчлалтай харах боломжтой болно. Ингэснээр байгууллагын хувьд хүний нөөцийн бодлогоо жендэрийн мэдрэмжтэй болгоход анхаарч, намын байгууллага төлөвших, чадавхжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.