Өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд цуваагаар зорчиж явсан долоон номерын автобус Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас суудлын автомашины хоёр зорчигч амиа алджээ. Тодруулбал, нийслэлийн нийтийн тээвэрт ашиглахаар оруулж ирсэн 6 дугаар ээлжийн 25 автобустай цувааны нэг автобус 167 дахь км-т осол гаргасан байна.
Мөн өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын "Эрдэнэс тавантолгой уурхайн зам"-д Маяти болон Гранбирд маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж нэг хүний амь хохирсон дуудлага бүртгэгдсэн. Энэ хэргүүдэд тухайн аймгуудын цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоох, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Орон нутгийн замын нөхцөл байдал цастай, хальтаргаатай, үзэгдэх орчин муу, авто зам болон дугуйны барьцалдах чадвар муудсан, зарим үед цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байхад хурд хэтрүүлэн өөртөө болон бусдад эрсдэл үүсгэх тохиолдол цөөнгүй байна. Иймд хөдөө орон нутгийн замд иргэд, жолооч та бүхэн зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зөвшөөрөгдсөн хурдыг баримталж, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахдаа бусдад осолтой нөхцөл үүсгэхгүй байх нөхцөл бүрдсэний дараа үйлдэл хийхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.