Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас зүүн гурван аймагт ажиллах хяналт, үнэлгээний багийн гишүүдтэй мэнд мэдэн уулзсанаар шинэхэн долоо хоног (2024.08.05)-ийн ажил эхэллээ. Улсын нийслэлээс зүүн урд зүгт 54 км орчим зайд, Туул голын урд дэнж дээр байрлах Их Эзэн Чингис хааны морьт хөшөөнөөс бид зүүн аймгуудын зүг хөлгийн жолоо залав.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Техникийн зөвлөх, доктор С.Жигжидпүрэв энэ удаагийн томилолтын багийг ахалж, НҮБ-ын Суурин зохицуулагчийн Ажлын албаны хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн ажилтан Б.Сувдаа, НҮБ-ын ХХААБ-ын төслийн мэргэжилтэн Б.Энхтуяа, төслийн мэдээлэл харилцааны туслах ажилтан Ц.Батжаргал, Захиргаа, санхүүгийн ажилтан М.Оюунчимэг нар бүрэлдэхүүнд багтсан юм.
НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хяналт, үнэлгээний багтай “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубын гуравдугаар ээлжийн баг наймдугаар сарын 5-наас зүүн гурван аймагт ажиллаж, малчидтай уулзан, тусламжийн дараах үнэлгээ, зудын хариу арга хэмжээний үр нөлөө болон малчдын амьжиргааг нөхөн сэргээх хэрэгцээ, шаардлагын судалгаа хийснийг сурвалжиллаа.
Цагаа олсон тусламж
Томилолтын баг Хэнтий аймгийн Баянхутаг суманд очиж, малчидтай уулзлаа. Доктор С.Жигжидпүрэвийн танилцуулснаар, НҮБ-ын ХХААБ, Хүн амын сан болон Хүүхдийн сан хамтран НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.5 сая ам.долларын санхүүжилт босгож, Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргажээ.
Энэ хүрээнд НҮБ-ын ХХААБ зудад нэрвэгдсэн малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах зорилгоор зудын хохирол нэн их 15 аймгийн 108 сумын зорилтот бүлгийн 2464 малчин өрхөд хоёр удаагийн хүмүүнлэгийн бэлэн мөнгөн тусламжаар нийтдээ 1 сая 320 мянган төгрөг олгожээ. Энэ нь малчин өрхүүд өөрсдийн тулгамдаж буй хэрэгцээндээ зарцуулах нөхцөлт бус бэлэн мөнгөний тусламж байжээ.
Бэлэн мөнгөний тусламжид 500 хүртэлх толгой малтай байсан ч зудын улмаас малынхаа 30-90 хувийг алдсан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн болон хөхүүл эхтэй, 14-өөс доош насны хоёр ба түүнээс олон хүүхдээ ганцаараа өсгөж байгаа эцэг эх, нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагддаггүй залуу өрх зэрэг хүн ам зүйн эмзэг байдлын шалгуурт нийцсэн өрхүүдийг сонгон хамруулжээ.
Эхний удаагийн бэлэн мөнгөний тусламжийг НҮБ-ын ХХААБ-ын Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сангийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эх үүсвэрээс санхүүжүүлж олгосон байна. Түүнчлэн НҮБ-ын ХХААБ тусламжийн хүрээнд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 3.3 сая тун вакциныг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн байна.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас 6700 хүүхдэд зориулж олон төрлийн хүнсний нэмэлт тэжээл, 3300 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд хүнсний нэмэлт тэжээл олгожээ. Харин Хүн амын сан зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл ахуй, ариун цэврийн багц тусламжийг есөн аймгийн 62 сумын 4000 гаруй охид, эмэгтэйчүүдэд хүргэсэн байна. Түүнээс гадна 0-5 настай хүүхэд, хөхүүл эмэгтэйчүүдийн бичил тэжээлийн тусламжийг эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгожээ.
Хүмүүнлэгийн тусламж эзэндээ хүрсэн эсэхэд хяналт, үнэлгээ хийх ажлыг зайнаас болон биечлэн зохион байгуулж буй хүрээнд НҮБ-ын ХХААБ, Хүмүүнлэгийн багийн хяналт, үнэлгээний баг ийнхүү орон нутагт ажилласан юм.
НҮБ-ын ХХААБ-ын мөнгөн тусламжид Баянхутаг сумын 37 өрх хамрагджээ. Нутгийн малчин иргэд анхны цас ороод, удалгүй дахин цас дарсны улмаас зам харгуй хаагдаж, бензин шатахуун хомсдож, нөхцөл байдал маш хүнд байсан. Энэ үед НҮБ-ын ХХААБ-ын хоёр удаагийн мөнгөн тусламж, малчин охид, эмэгтэйчүүдэд олгосон эрүүл мэндийн багц, хүүхдийн бичил тэжээлийн тусламж үнэхээр цагаа олсон тусламж болж чадсан талаар ам уралдан ярьцгааж байлаа.
10 гаруй мянган мал ямар ч сураггүй байна
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ганзориг "Манай сум 330 мянган толгой малтай байснаас өнгөрсөн зуднаар 112 мянган толгой мал хорогдсон. Олдоогүй байсан 30-40 мянган малаас одоогийн байдлаар 10 гаруй мянган мал ямар ч сураггүй байна.
Өвс тарчигдуу байсны дээр айлууд өвөлжөөндөө бууж амжаагүй байхад ойрхон хоёр удаа цас орж, хүчтэй цасан шуурга тавьж, мал уруудсан. Хонь, үхэр нэлээн хол явж, 200 гаруй км-ын цаана очсон. Малчид эрэлд гарсан ч сүүлийн цас орсны дараа ямар ч түлшгүй болж, малдаа явж чадахгүйд хүрсэн. Ганц нэг морьтой нь хонь, малаа хариулаад үлдсэн. Энэ хавар бороо ихтэй, өвс ургамал сайхан ургаж байна.
НҮБ-ын ХХААБ-ын тусламж цагаа олсон, эздэдээ хүрч байна. Манай сумын 37 малчин өрхийн дансанд мөнгөн тусламжийг шилжүүлсэн. Хүүхдэд өгч буй бичил тэжээлийг эмнэлгээр дамжуулж өгч байна. Ариун цэврийн хэрэгсэл гээд тусламж сум дээр ирэнгүүт нэрсийн дагуу хайрцагтай чигээр нь эздэд нь өгсөн. Малгүй болсон залуу малчид нэлээн шантарсан, зарим нь Оюутолгой, Улаанбаатар руу явж байна. Манай сумын нийт малын 30 гаруй хувь хорогдсон.
Малчдыг өөрсдийнхөө хариуцлагагүйгээс малаа хорогдуулсан гэж хэлэхэд хэцүү. Цагийн байдал ямар байсан бэ гэдгийг ойлгох ёстой. Өвс тэжээлээ гүйцэд татаагүй эхний цас орсон, хатааж байгаад татна даа гэтэл сүүлийн цас нэмж дарсан. Айлууд өвөлжөөндөө хүрч чадахгүй, малчид малаа уруудуулсан. Нүүе гэхэд түлш байхгүй. Хуучин шиг тэмээ, үхэр тэрэг байхгүй. Машинаа хөдөлгөе гэхэд түлш, бензин юу ч үгүй болсон" гэж ярилаа.
“Хадлан бордоо, тэжээлээ өөрсдийн нөөц бололцоог ашиглах бэлдэхээр шийдсэн”
Баянхутаг сумын 1-р багийн малчин Б.Отгонцэрэн: Өнгөрсөн жилийн өвөл манай суманд мөсөн зуд болсон. Маш их хохирол амссан ч одоогийн байдлаар өвс ногоо сайхан ургаж, дэлгэр зун, намрыг үзэж байна. Хоёр жил дараалан зуд боллоо. Малчид маань өчнөөн мянган толгой малаа алдлаа. Өөрсдөө ч хохирол амслаа. Тийм учраас хадлан бордоо, тэжээлээ нэн даруй өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаж бэлдэхээр шийдсэн. Энэ жил хадлан тэжээл ургац ихтэй байгаа учраас энд тэндээс татаж авч байна.
НҮБ-ын ХХААБ-аас олгосон тусламж малчдад маш хэрэгтэй зүйл байлаа. Түлээ нүүрс, гурил будаа, түлш тасарсан үед их хэрэг болсон. Баярлалаа гэж хэлье.
“Үлдсэн хэдэн малаа борлуулна”
Томилолтын багийн дараагийн очсон сум Баян-Овоо байлаа. Өвөлжилтийн хүндрэлээс үүдэж, Баян-Овоо суманд энэ жил 28051 мал хорогджээ. Энэ нь тус сумын нийт малын 17.6 хувийг эзэлж буй бөгөөд есөн цэг бий болгон, үхсэн малаа цэвэрлэх ажил зохион байгуулсан байна. Баян-Овоо суманд дайчлах том оврын машин техник байхгүй тул түрээсээр авчирч ажиллуулжээ.
Доктор С.Жигжидпүрэв тус сумын малчдын төлөөлөл болох Л.Гомбосүрэнгийнд очиж, зудын нөхцөл байдал болон НҮБ-ын ХХААБ-ын тусламж дэмжлэг хэр нэмэртэй байсан талаар ярилцаж, судалгаа авлаа.
Гэрийн эзэн эзгүй, эхнэр нь “Энэ жил мал бараг байхгүй болсон. Зарим нь сураг гараад огт олдохгүй юм. Уг нь 300 гаруй үхэртэй байсан, одоо 2 үнээ байна. Хонь 100 гаруй байснаас 30 гаруй, ямаа мөн 30 гаруй, 2 тугал үлдсэн” хэмээн ярив.
Л.Гомбосүрэнгийнх сумын төвөөс 50 орчим км зайд буюу “Тогоот” гэдэг газар өвөлжжээ. Цас зуд ихтэй, өвөлжилт хүндэрсэн үед эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй, зам харгуй хаагдсан байна. Тэтгэврийн насны хоёр хөгшин өвөлжилтөд хэрэндээ л эртнээс бэлдсэн ч хүрээгүй аж. Гэрийн эзэгтэй хашаа хороогоо сайтар дулаалж чадаагүй байснаа “хүлээн зөвшөөрсөн” юм. Тэд тэтгэврийн, малчны зээлтэй бөгөөд энэ жил байгаа малаа борлуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв.
Тус өрх сум орон нутгаас ямар нэгэн тусламж аваагүй бөгөөд НҮБ-ын ХХААБ-аас олгосон мөнгөн тусламж, эрүүл ахуйн багц нэг хайрцгийг хүлээн авч, амьдралд нь багагүй нэмэр болсныг хэлээд, талархаж буйгаа илэрхийлж байлаа.
Сумын Засаг даргын орлогч М.Энхцэцэгийн мэдээлснээр, Баян-Овоод нөхөн төлбөр авах малчид цөөнгүй байгаа аж. Малын индексжүүлсэн даатгал хийлгэснээр банкны хүү нэг хувиар буюу одоо 1.8 байгаа нь 1.7 хувь болж буурдаг. 24 юм уу, 36 сараар зээл авахдаа даатгалыг 12 сараар хийдэг байна.
Эрсдэл гараад даатгалаас нөхөн төлбөр авах гэхээр даатгалын хугацаа нь хэдийнэ дууссан байдаг тул Малын индексжүүлсэн даатгалын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэйг хэлсэн юм. Тус сум 2018 онд Малын индексжүүлсэн даатгалд хамрагдаж байжээ. Тэр үед иргэн бүр даатгалын хууль мэддэггүй байж. Хожим мэдээд, нэг хэсэгтээ бүгд даатгал руу “хошуурчээ”. Гэхдээ өнөөдрийн байдлаар малчид даатгалын үр шимийг үнэхээр хүртэж чадахгүй байгааг хэлж байлаа.
“3000 толгой малаасаа яагаад борлуулж болохгүй байгаа юм бэ?”
Бидний дараагийн очсон сум Сүхбаатар аймгийн Түмэнцогт юм. Тус аймгийн нийт нутаг дэвсгэрт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, 92.6 хувь нь цагаан зудтай, 7.7 хувь нь (Түмэнцогт сум) төмөр буюу мөсөн зудтай, цасны зузаан 20-35 см, хунгарлаж шуурсан газартаа 40-60 см-тэй байжээ.
Түмэнцогт сумын Засаг даргын орлогч дарга Х.Гүрсоронзон хэлэхдээ “Манай сум 120 орчим толгой мал тоолуулснаас нийт 27 орчим хувь буюу 31 мянган толгой мал хорогдсон. Уул уурайн ашиглалтын гурван компанитай. Энэ өвөл зам гүвээ хаагдахад хүн хүч, түлш тосоор тусалсан.
Улс, аймаг, сум орон нутгаас малчдад хандив тусламж өгсөн. НҮБ-ын ХХААБ-аас ирсэн тусламж, сум, аймгийн Засаг даргын тусламжийг огт давхардуулаагүй. Суманд мал бүхий, малчин өрх, малынх нь хэдэн хувь хорогдсон бэ гэдэг судалгаанаас үүдэж хандив тусламж харилцан адилгүй очсон.
Өнгөрсөн өвөл манай суманд өвөлжилт маш их хүндэрсэн. Одоо зуншлага сайн, өвсний гарц их байна. Сумын хэмжээнд яг одоогийн байдлаар тариалан, хадландаа гараагүй байна. Манай сум хадлангийн бэлчээр нутаг ховортой. Сүхбаатар аймагтаа хамгийн бага газар нутагтай, хүн ам, мал нь ч бага. Хадлан хадах хэмжээний отрын бүс байхгүй. Бусад сумын өвс ургамал сайн ургасан талбайгаас хадлан авдаг. Авсан тарианаас малчид худалдаж авдаг.
Сангийн аж ахуйтай байсан учраас техник тоног төхөөрөмж сайтай. Өмнө нь мал бага учраас сумынхаа хэсэг газраас хадлан аваад, сумынхаа нөөцийг бэлддэг байсан. Малын тоо толгой ихэссэн, бэлчээр талхлагдсан учраас одоо сумынхаа хэмжээний нөөц бэлдэх боломжгүй болсон” гэв.
Доктор Г.Жигжидпүрэвийн хэлснээр, НҮБ-ын ХХААБ-ын нийт тусламжийн 40 гаруй хувь зөвхөн Сүхбаатар аймагт хуваарилагджээ.