Хилийн цэргийн 0286 дугаар ангийн ахлах ахлагч, харуулын дарга Л.Түмэннаст гэргий, дэд ахлагч О.Дарьмаа.
... Хааш хааш дагуулахыг мэдрэхгүй ч дурлана аа
Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ ээ
Хайр хайраа хайсаар нэгнийгээ олно оо
Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнэ ээ...
/ “Сонголт” МУСК, Хайранд итгээрэй дууны үгээс/
“... Манай хүн намайг анх Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас мотоциклоор очиж авчирч байсан. Ирэнгүүтээ л жагсаалынхаа талбай руугаа гүйгээд явчихдаг юм даа. Миний хувцас хунар, цүнхтэй зүйлсийг ч буулгаагүй. Би мотоциклийнх нь хажууд хүлээгээд л, адилхан эрээн хувцастай олон хүний дундаас хайгаад олохгүй. “Гэрээ санаад уйлж байгаа оюутан” шиг түгшиж, сандарсан мэдрэмжид хүлэгдэж байсан. Гэхдээ маргаашаас нь бүх зүйл сонирхолтой санагдаж эхэлсэн ...”
Арван жилийн өмнө О.Дарьмаа ингэж хилчин хүний гэргий, заставынхан хэмээх цөөн бүлтэй ч дотно дулаан уур амьсгалтай гэр бүлийн гишүүн болжээ.
Өвсний толгойд шүүдэр бөнжгөнөсөн намрын сэрүүхэн өглөөг зэрэгцүүлэн галласан зууханд ноцох хуурай модны үнэр дулаацуулна. Цав цагаан даавуунд шинэхэн талх боож, сүү сааль барьсаар зочдын өглөөний цайг бэлтгэхээр ирсэн хоёр эмэгтэйн нэг нь Дарьмаа.
Хангайн үзэсгэлэнт өглөө хуурай мод ноцох чимээ хилчний гэргийн цайны үнэртэй хоршин сэтгэлийг дулаацуулан, тайвшрал бэлэглэнэ.
Их сургуулийн англи хэлний багшийн ангийн оюутан тэрбээр зуны амралтаараа сумынхаа дэлгүүрт худалдагч хийж байхдаа хилийн цэргийн дугаар ангийн гэрээт хилчин Л.Түмэннасттай танилцсан нь өнөөдрийн амьдралын эхлэл болжээ. Өөрийн дурлан сурч, эзэмшсэн мэргэжлээ “мартаж” хилчин хүнийг үнэнч хайрлах замыг сонгоод ямар амьдрал, ирээдүй хүлээж буйг үл мэдэх ч ийшээ л зорьж. Он цаг өнгөрөх тусам ээнэгшин дассан тэр одоо хилийн цэргийн 0286 дугаар ангийн дугаар салбарын эрүүл мэндийн ажилтан, зочид буудлын эрхлэгч. Хилд тангараг өргөсөн дэд ахлагч цолтой алба хаагч. Хилчин залууд дурласан сэтгэлээ эх орны төлөөх тангараг болгож хатуужсан хилчин бүсгүй.
Анх ирээд талх барьчхаад байгаа ч боорцог хайрахдаа түнтийсэн бор юм болгочхоод байсан маань их хөгтэй санагддаг. Намайг сайхан сэтгэлээр угтаж, эелдэг дулаанаар зааж зөвлөж байсан заставын бүсгүйчүүдийнхээ ачаар бүгдийг хийж сурсан.
Заставын бүсгүйчүүд гэж бүхнийг хийж чаддаг, хүнд зөвлөж, сургаж мэддэг хамгаас элэгсэг, бүхнээс хатуужилтай, ухаалаг хүмүүс байдаг юм даа гэж бахархал дүүрэн агаад тахимдуу өгүүлэх түүний ярианаас тэдэндээ хэчнээн хайртайг нь мэдэрнэ. Бүсгүйчүүд нэг дороо цуглаад инээж хөхөрч, ярилцан хуучилж хилийн манаанд явах эрчүүдийн хүнсийг бэлтгэх өдөр бүхэн тэдний зөөлөн дулаан дурсамжийн хуудсыг зузаална.
О.Дарьмаа “Хилчний гэргий байх амаргүй ч бусдын төсөөлдөг шиг хэцүү биш. Ханьдаа түшигтэй, үр хүүхдүүддээ халамжтай байх нь хамгийн чухал гэж боддог” гэж хэлсэн.
Хилийн заставт бүтсэн хайр дүүрэн гэр бүл
Багш болох мөрөөдөлтэй охиныг хилчний гэргий, хоёр хүүгийн ээж болгож хайр дүүрэн гэр бүлийг бүтээсэн хүн бол хилийн цэргийн 0286 дугаар ангийн дугаар салбарын харуулын дарга, ахлах ахлагч Л.Түмэннаст.
Зэвсэгт хүчинд цэргийн алба хаасан боловч хилчин болох хүслээ дагасан тэрбээр 14 дэх жилдээ энэ албанд зүтгэж буй тэргүүний хилчдийн нэг. Хил хамгаалах байгууллагын салбарын тэргүүний хилчин, Генералын нэрэмжит шагналт зэрэг түүний амжилтыг гэрчлэх шагналууд, цэмбийтэл индүүдэж, цэгцхэн өлгөсөн ёслолын дүрэмт хувцас гэрийг нь чимжээ.
Хилийн дугаар заставын жагсаалын талбай дахь Цэргийн тангараг
Цэрэг хувцастай зургийнхаа дор Төрийн соёрхолт П.Бадарч гуайн "Эх орны хилээс" шүлгийн
Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий... хэмээх мөрүүдийг хэвлүүлээд ханандаа хадан нандигнаж, харж уншихдаа урам зориг авч, хилчин боллоо хэмээн бахархаж хилийн манаанд явж асан шинэхэн хилчин өдгөө дадлага туршлагатай, намба буурьтай, хариуцлага өндөртэй алба хаагч болжээ. Энэ бүхний хамгийн том нөлөөлөгч бол хатан ухаант, хатуужил тэвчээрт хилчний гэргий гэдэг нь тодорхой.
Ахлах ахлагч Л.Түмэннаст хилчний амьдралын тухай ингэж ярьсан юм. Хилчин байхад хэцүү бэрх гээд юм байхгүй шүү дээ. Сайхан алба. Хил хамгаалах байгууллага, хилийн цэрэгт ажиллаж байгаа гэдгээрээ бахархах хэрэгтэй. Хилийн буйдхан заставд өнөөдөр хэдэн хүн ажиллаж, амьдарч байна вэ. Энэ ажил бол хүн бүр хийгээд байхгүй алба. Хилчин хүн хүний итгэл найдварыг сайн даадаг, хийх ёстой зүйлээ бүрэн гүйцэтгэчихдэг, бусдын үгийг дааж авахыг нь авч, хаяхыг хаяж чаддаг, шулуун шударга л байх хэрэгтэй.
Манай салбарынхан чинь ажилч хичээнгүй, өөрсдийн гараар, өөрийн хөдөлмөрөөр бүтээж алба, амьдралаа авч яваа хүмүүс. Ямар ч ажлыг алдаж хийдүүлдэггүй, алгасаж орхидоггүй хүмүүс хилд ажилладаг хэмээн тун чиг итгэлтэй өгүүлсэн юм.
Хилчин, гэргий хоёр
Тэдний гэр бүл хилийн цэргийн 0286 дугаар ангийн 0300 дугаар салбараас ажил, амьдралын гараагаа эхлүүлжээ. Удаан жил ажилласан газраасаа өөр салбарт томилогдож уйлан хайлан нүүсэн тухайгаа О.Дарьмаа нүдэндээ нулимстай ярихад “0300 дугаар салбартаа хайртай даа” гэж ахлах ахлагч Л.Түмэннаст хэлсэн. Эр хүн, эр цэрэг үүнээс өөр яаж хайртайгаа хэлэх сэн билээ. Хил гэдэг хилчин хүний оршихуй, эх орноо хайрлана гэдэг эгэл амьдрал нь байдаг ажээ.
Хилчин хүний гэргий гэж манаанд явсан эр нөхөртөө санаа зовохдоо “яажшуухан яваа бол та нэг мэдээд өгөөч” гэж орлогчоос асуух ч зовнил түгшүүрээ дотроо хадгалдаг хүчтэй бүсгүйг, эцгээ санаж уйлагнах хүүхдүүдээ “удахгүй ирнэ” гэж тайвшруулаад аавынх нь үнэртэй цамцыг дэрлүүлж унтуулдаг нандин ээжийг, аглаг буйдхан хилийн заставаар орсон, гарсан хүн бүхэнд сайн сайхныг ерөөн цайтай угтаж, сүүтэй үддэг ухаант эзэгтэйг хэлдэг юм байна.
Болзол, нөхцөлгүйгээр ганцхан хайрлахыг л сонгож, буйд хязгаарын заставд жирийн даруухан амьдарч, бурхан, тэнгэрт “хил тайван байг” гэж сүсэлдэг хилчний гэргий итгэлийн үнэ цэн, үнэн хайрын утга учрыг гэрчилнэ.