Өглөөний зочин. “ES4” боловсролын төвийн багш, БТА С.Гандэлгэр
“Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубийн ээлжит Өглөөний уулзалтад “ES4” боловсролын төвийн захирал Н.Тогтуур болон тус төвийн багш Боловсролын тэргүүний ажилтан С.Гандэлгэр нар оролцлоо. “Боловсролын гажуудал” сэдвийн хүрээнд өрнөсөн уулзалтаас 11 эшлэлийг онцлон хүргэж байна.
1. Ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхдүүдэд давхар мэргэжил эзэмшүүлэх шаардлагатай байна. Ялангуяа үсчин, тогооч, мужаан, оёдолчин зэрэг мэргэжлийн чадварыг сургах шаардлагатай.
Жишээлбэл, Бүрэн дунд боловсрол эзэмшээд сургуулиа төгсөж буй 17, 18 настай хүүхдүүд их, дээд сургуульд орж чадахгүй бол сургууль, ажил аль нь ч үгүй хэрхэн амьдрах вэ гэдэг нөхцөл байдалтай нүүр тулж байна.
Харин 12 жил суралцсан тэр урт хугацаандаа ямар нэгэн мэргэжил эзэмшсэн бол түүгээрээ ажиллаж амьдралаа аваад явна шүү дээ. Мөн их, дээд сургууль төгссөн бакалаврын дипломтой ч ажилгүй олон охин, залуу байна. Энэ бол боловсролын гажуудал.
2. ES4 боловсролын төв англи хэлээс гадна эх хэл, үндэсний бичгийн сургалт явуулдаг. Энэ намраас хүмүүсийг гэр бүлээрээ монгол бичигтэн болоход хувь нэмрээ оруулж эхэлж буй бөгөөд эхэнд бүртгүүлсэн гурван гэр бүлд үнэгүй сургах эрх олгоно.
3. Сургалтын төвөөс хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд зохион байгуулсан сургалт, судалгаагаар орон нутагт амьдарч буй хүүхдүүд хотын сурагчдаас стресс багатай, тайван, анхаарал төвлөрөх чадвар өндөртэй байгааг тогтоосон байна.
Зүүн гар талаас “ES4” боловсролын төвийн багш БТА С.Гандэлгэр, захирал Н.Тогтуур. Өглөөний уулзалтын үеэр.
5. Хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль.
6. Эцэг эхийн оролцоо, анхаарал халамж бол хүүхэд сайн суралцах үндэс байдаг.
7. Тооцоолол хийж үзэхэд, Монголд нэг хүүхдийг 12 жилийн турш хувийн сургуульд сургах зардал дунджаар 180-300 сая төгрөг болж байна.
Үүний оронд үнэ төлбөргүй улсын сургуульд суралцуулаад хүүхдэд сэтгэл гаргадаг, чанартай сургалтын төвд тодорхой чиглэлээр сургах нь илүү үр дүн үзүүлнэ.
8. Сайн багш нар хувийн сургуулийг сонгож байна. Тэгэхээр улсын сургуулиудад нэгдүгээрт, сайн багшийг тогтоох цалин хангамж, хоёрдугаарт хувь хүний хөгжил, дэвшилд нь анхаардаг бодлого дутагдаж байна гэсэн үг.
9. Хүүхэдтэй түүний сонголтын тухай, ирээдүйн талаар ярилцахдаа самбар ашигла, самбарт бичиж тайлбарла. Гэрийнхээ аль нэг хэсэгт самбартай болчих. Хамгийн ойлгомжтой, хамгийн сайн тайлбарыг самбар харуулна.
10. Хичээлийн завсарлагаар бясалгалын арга хэрэглэж байна. Хүүхдүүдийн нүдийг аниулж суулгаад юу сонсож байгааг нь асуухаар машины сигналын дуу, түргэний тэрэгний дохио гэх мэтээр хэлдэг. Тэгвэл тэр орчин, чимээнээс өөрийгөө хэрхэн тусгаарлаж төвлөрөх вэ гэдгийг бага багаар ойлгуулан, заадаг. Өндөр хөгжилтэй орнууд сургалтад бясалгал ашиглахыг аль хэдийн нэвтрүүлсэн байна.
11. Хүмүүжлийн анхдагч орчин бол гэр бүл. Эцэг эх бол хүүхдийн толь. Тэд үр хүүхдэдээ зөв үлгэрлэгч байх ёстой.