Эх орны умард хилийн тэмдэглэл
Уулс уулсаа дэрлэж бүтсэн, мод моддоо налж ургасан бишрэм сайхан хангай. Эх орны минь умард хязгаар.
Эх орны умард хязгаар. Монгол Улс, ОХУ-ын хил.
Нүд үл цавчин өөдөөсөө “ширтэлцэх”, тушаал авсан цэрэг мэт хоёр улсын хилийн багана. Малгайндаа алтан соёмбо, ханцуйндаа умард хязгаар, энгэртээ Монгол Улс гэсэн таних тэмдэгтэй цэл залуухан хилчин Төрийн сүлдтэй хилийн баганад ёслох агшин.
"Эх орон минь мөнх оршиг"
Хажуу дэргэдээс нь харахад бахархан бахдах, уяран хайрлах, өөриймсөн өмчирхөх, цаад талын баганаас цааш байж ч болох байсан даа гэж багахан сэмрэх ч цаглашгүй үнээр олдсон эрх чөлөө минь гэж тайтгарах, үргэлж хамгаалагдсан мэт тайвшрах, ... үй түмэн тунгалаг мэдрэмжээр сэтгэл дүүрнэ.
"Эх орон минь мөнх оршиг"
Хэн нэгний “Хилийн манаа ирж байна” гэх дуу бодол сарниахад битүү ногоон ойн дундаас үл ялгагдам хувцас, хэрэгсэлтэй, морь унасан хилчдийг хайлаа. Гэтэл бартаат зам туулах чадвараараа алдартай квадроцикл гэгч техникийг хөлөглөсөн монгол хилчид хүрч ирэв. Тэдэнтэй хамт хилчин нохой Ангус үүрэг гүйцэтгэж яваа нь содон агаад хөөрхөн.
"Хилчид"
Алба хаагчид эгнэн жагсаад хилийн манааны ахлагч, хилчин офицер тайван, итгэлтэй хоолойгоор “Монгол Улсын хил тайван байна” гэж Хилийн цэргийн 0286 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Цогтжаргалд илтгэлээ. Энэ тавхан үгэнд хилчин хүний туйлын хүсэл, ажил үүргийн, аж амьдралын утга учир шингэсэн байдаг ажээ. Ийм үгийг эх орны хил дээр сонсож мэдрэх нь энгийн хүн бүрд тэр болгон олдохгүй учрал тохиол билээ.
"Монгол Улсын хил тайван байна"
Энэ мөчид бидний дээгүүр дрон эргэлдэн нисэж эхэллээ. Учрыг лавлавал манай хилийн цэргийнхний агаараас хийж буй хяналт гэнэ. Түрүүхэн буугаад мордсон хилийн 0240 дүгээр салбар өндөр хурдны интернэтийн сүлжээг үйл ажиллагаандаа ашигладаг, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр нарны энергийг ашиглан цахилгааны асуудлаа шийдвэрлэдэг талаар захирагч нь ярьж байсан билээ. Ийнхүү манай улс хил хамгаалах үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологи, шинэлэг санаачилгуудыг нэвтрүүлэн ашиглаж бусад улс оронтой зэрэгцэн хөгжиж байгааг харлаа.
Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн хөшөө. 2012 онд хилийн цэргийн 0286 дугаар ангийг түүний нэрэмжит болгожээ.
Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0286 дугаар анги бол Монгол Улсын умард хилийг сахин хамгаалагч, мэргэшсэн хилчин офицер, ахлагч нараар эгнээгээ бүрдүүлэн хил хамгаалдаг тусгай бүрэлдэхүүн юм. Монгол орны ой тайгын бүсийн газар орны онцлогоос шалтгаалан хилчний гүйцэтгэх үүрэг, хил хамгаалах ажиллагааны арга тактик тусгай бөгөөд амаргүй тул эл ангийг ийнхүү зохион байгуулжээ.
Алба хаагчдын барьж байгуулсан штабын байр, тарьж ургуулсан мод, цэцэгс ангийн хашаанд өнгө нэмнэ.
Тус ангийн Эрүүл мэндийн төв 2019 онд Булган аймгийн "Эрүүл ажлын байр"-аар шалгарч байжээ.
Гуч гаруйхан жилийн өмнө байгуулагдсан залуухан байгууллага боловч хил хамгаалах үйлсэд бүтээсэн арвин намтартай хамт олон. Алба хаагчид өөрсдийн гараар барьж байгуулсан штабын байр, цэвэрхэн тухлаг сүүдрэвч, зөөлөн салхинд дохилзон алаглах таримал цэцэгсийн мандал, цэмцгэр, зохион байгуулалттай байдал нь эл ангийнхны хөдөлмөрч, цэгцтэйг илтгэж байсан юм.
Алба хаагчдын санал санаачилгаар бүтсэн "Алдрын танхим"-д ангийн үйл ажиллагаа, түүхэн замналыг танилцуулав.
Тус анги Ой тайгын бүсийн хилчдийн цэрэг спортын наадамд удаа дараа аваргалжээ. Хил хамгаалах байгууллагын хэмжээний уралдаан, тэмцээнд тогтмол амжилт үзүүлдэг байна.
Онгон дархан ой тайгын гүнд морины гэдсээр татсан цастай тэсгим улирал, төөнөх нар, ширүүн салхи, усан бороог давж, өргөн гол, шигүү төглийг гэтлэхдээ ч сонор, сэрэмжийг үл алдан үүрэг гүйцэтгэх чадвар, тэвчээр, хат тэнхээ умард хязгаарын мэргэшсэн хилчдэд бүрджээ. Тэднийг хүний хэлээр ярихаас бусад чадварыг эзэмшсэн ухаант хүлэг морьгүйгээр нь төсөөлөх боломжгүй юм. Тиймдээ ч хилчин хүний гурван амь нь морь, нохой, зэвсэг гэлцдэг гэнэ.
Хилчин хүний гурван амь нь морь, нохой, зэвсэг хэмээдэг ажээ.
Хилийн цэргийн ангийн адуу малыг адгуулах, сүү, цагаан идээ боловсруулах зэрэг туслах аж ахуйг мөн тусгай алба хаагчид эрхэлнэ. 0240 дүгээр салбарын малын суурийн ахлагч Х.Лхагвадорж хугацаат цэргийн албаа эх орны баруун хил дээр хаасан, энэ албанд ажиллах чин хүсэлтэй тул эхнэр Г.Наранчимэгийн хамт охидоо дагуулан 0286 дугаар ангийг зорьж ирэн ажиллах болжээ.
Хилийн цэрэгт алба хаасан, хилд ажиллах хүсэл мөрөөдлөө даган аглаг хангайг зорьж ирсэн залуухан гэр бүл.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумандаа хувийн мал аж ахуй эрхлэн амьдарч байсан тэд одоо илүү хариуцлагатай, улам урам зоригтой ажиллаж буйгаа ярьж байсан юм.
Ийм л эгэл амьдралын өнгө бүхэн эх орны хил тайван байхын ард бий. Малчин залуу адуундаа мордох, саальчин бүсгүй өглөө эртлэн цөцгий цохих, хилчний гэргий ил гал дээр цай буцалгаж хилийн манааны хүнс бэлтгэх, алба хаагчид хадланд гарч бухал хийх, ирэх улирлын малын тэжээлээ базаах ... тэдний ажил дуусахгүй.
Саальчин эзэгтэйн идээ цагаа
Алба хаагчид хадланд гарчээ. Анги хамт олноороо ирэх өвөл, хаврыг өнтэй давах бэлтгэлээ хийж байна.
Сэтгэлийн эвээр нэгдэж хүн бүр хөдөлмөрлөнө. Улсын хил тайван байхын урд энгийн амьдралын үйлдэл бүхэн эгэл даруухнаар өрнөнө.
Хангайд намар айлчилжээ.
Замын хөвөө дагаж унасан жижиг шар навчис алтран хийсэх, гүн ногоон ойн дунд орой нь шарласан ганц нэг мод үзэгдэх, шинэсний шилмүүс бутран цас мэт унах нь хангайд намар ирснийг гэрчилнэ. Зураг мэт байгалийн төгс гоог бишрэн даваа өгсөж явсан бид хилийн манаанаас буугаад гэрийн зүг зорьж буй хилчидтэй таарлаа.
Тэдний нэг хилийн цэргийн 0286 дугаар ангийн ахлах ахлагч Л.Даваадорж “Бид зундаа +35-40 хэм халдаг, намаг балчиг ихтэй, зам харгуй бартаатай нөхцөлд хил хамгаалах үүргээ гүйцэтгэдэг. Улсын хил тайван байж, хилийн манаанаасаа буугаад гэр рүүгээ явах зам хамгийн сайхан. Өглөөний нар мандахыг харах бүрдээ эх орны тусгаар тогтнол улсын хилээс эхэлдэг хэмээн бодож, бахархаж явдаг” хэмээн ярьсан юм.
Хилийн цэргийн 0286 дугаар ангийн ахлах ахлагч Л.Даваадорж
Тэрбээр удам залгасан хилчин бөгөөд хилийн зөрчлийг илрүүлэн хил зөрчигчдийг саатуулж байсан гавьяатай, хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналын эзэн ажээ. Хилийн зурваст он жилүүдийг үдсэн хэрсүү туршлагатай ахлах ахлагч залуу хилчдэд хандан “сонор бай, ажиглагч бай, үлгэрлэн дуурайгч бай” гэж захисан юм.
- Танай аав ямар ажил хийдэг вэ? - Хилд явдаг. Тэгээд эх орноо хамгаалдаг.
- Чи аавыгаа санадаг уу? - Зөндөө санадаг шүү дээ.
Хилийн манаа эргэх хугацааг тоолон хүлээдэг, хилчин эрсийг эргэж ирэхэд дулаан гэр, халуун цай, цалгисан инээдээр угтдаг гэргий, хүүхдүүд хилийн цэргийн ангийн салбар бүрд бий.
Алсхан, жижигхэн мэт санагдах боловч халуун дулаан амьдрал, хамгаас хариуцлагатай алба хилийн цэргийн дугаар салбарт өрнөдөг юм.
Хилчин нөхөр, хилчин аавтайгаа хамт тангараг өргөж, холын буйдхан заставд “хагас эрх чөлөөтэй мэт” амьдарч, эх орноо хамгаалах үйлсийн арын албанд үнэнчээр зүтгэж буй хилчний гэр бүл. Хилчдийн нийгмийн баталгааг хангах, ахуй амьдралд нь дэмжлэг үзүүлэх ажлуудыг хил хамгаалах байгууллагаас үе шаттайгаар зохион байгуулсаар иржээ.
Орон нутагт ажиллаж буй алба хаагчдын ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүллээ.
Хил хамгаалах байгууллагаас 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласан юм.
Хилийн цэргийн 0286 дугаар ангийн 0294 дүгээр салбарт дөрвөн айлын орон сууцанд урсгал засвар хийж, орон нутагт ажиллаж буй алба хаагчдын ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэв. Г.Төрболд, С.Хасбат, н.Нямдаваа нарын залуухан хилчдийн гэр бүл шинэхэн орон гэрийнхээ түлхүүрийг алд цэнхэр хадагтай гардан авч талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
Орон нутагт ажиллаж буй алба хаагчдын ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүллээ.
“Жижүүрээ, машин” гэж хэлд ордог, “номхон, зэрэгц” гээд ёслож гүйлддэг “хилчин” багачууд сургуульд орох хүртлээ аав, ээжийнхээ үүрэг гүйцэтгэж буй хилийн салбарын цэцэрлэгт суралцдаг байна.
"Цэцэгхэн" бүлгийн бяцхан суралцагчид ахлах багшийн хамт
Хилийн цэргийн 0286 дугаар ангийн салбар бүрд хилчдийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага бий. Тус ангийн 0294 дүгээр салбарын “Янзагахан” бүлгийн ахлах багш П.Ариунаа “Манай цэцэрлэг 2015 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.
"Янзагахан" бүлгийн бяцхан суралцагчид ахлах багшийн хамт
Сургалт, үйл ажиллагаа улсын цэцэрлэгийн стандарт, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явдаг. Алба хаагчдын болон ойр орчмын ардууд, туслах хүчний гишүүдийн 2-5 насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагддаг. Хилийн салбар дээр цэцэрлэгтэй байх нь хүүхдүүдийн боловсролд чухал нөлөөтэй бөгөөд алба хаагчдад амар тайван ажлаа хийх боломжийг олгодог” гэлээ. Хүүхдийн цэцэрлэгийн бүлэг ахлах болон туслах багш, тогоочийн орон тоотой. Энэ нь хилчдийн гэр бүлийг ажлын байраар хангах нэгэн боломж аж.
Гэвч хэдхэн хоногийн дараа малын суурийн ахлагч Х.Лхагвадоржийн том охин, харуулын дарга Л.Түмэннастын бага хүү тэргүүтэй “хилчин” багачууд сургуулийн сурагч болох ёстой. Энэ бол хилийн цэргийн ангийн салбаруудад ажиллаж буй гэр бүлийн хамгийн том асуудал. Хүүгээ, охиноо хаана сургуульд оруулах вэ? Эмээ, өвөөг нь дагуулах уу, дотуур байранд суулгах уу? гэдэг асуулт, асуудалтай нүүр тулна. Тэд хэрхэх бол?
Он цагийн уртыг ур ухаанаа эвлүүлэн, итгэлийн хүчээ нэгтгэн туулж яваа хилчдийн гэр бүлийн ирээдүй үргэлж гэрэлтэй байгаасай.
Хилчин гэж хэлэхэд амархан ч биелүүлэхэд бэрхтэй үүрэг. Хилчний гэр бүл гэж ярихад бахдалтай ч үүрэхэд ачаатай алба ажээ.
Үлгэрт өгүүлдэг шиг үзэсгэлэн төгөлдөр эх орон минь эзэнтэй буй.
Шингэн цагаан манан уул уулын толгойд хоргодож, мод моддын оройг ороон “тоглоно.” Амар жимэр үзэгдэх аглаг хангайн аль нэгэн зурваст хилчин эрс үүрэг гүйцэтгэж яваа. Үлгэрт өгүүлдэг шиг үзэсгэлэн төгөлдөр эх орон минь эзэнтэй буй.