ЛГБТИК+ хүмүүс нийгэмд тэгш эрх эдэлж, ялгаварлан гадуурхалтаас ангид амьдрах эрхтэйг сануулдаг “Тэгш эрхийн төлөө алхалт” боллоо.
ЛГБТИК+ хүмүүс нийгэмд тэгш эрх эдэлж, ялгаварлан гадуурхалтаас ангид амьдрах эрхтэйг сануулдаг “Тэгш эрхийн төлөө алхалт” болж өндөрлөлөө. Энэ жилийн хувьд ЛГБТ Төв ТББ, Youth LEAD Mongolia ТББ, Trans for Unity ТББ-ууд “Тусдаа биш цугтаа” гэсэн уриан дор нэгдэж “Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Тэгш эрхийн төлөө тайван жагсаалд ”НҮБ, ХЭҮК, Нидерланд улсын элчин сайдын яам, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Хөөрхөн Зүрх ТББ болон ЛГБТИК+ иргэд, тэдний найз нөхөд, гэр бүлийнхэн нь оролцлоо.
НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра
Бахархлын өдрүүд бол зүгээр нэг үйл явдал биш бөгөөд нийгмийг илүү хүртээмжтэй, ялгаатай байдлыг илүү хүлээн зөвшөөрөх, хүн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа НҮБ-аас тавьсан томоохон тэргүүлэх зорилтуудтай уялдаа холбоотой хамтын нийгэмлэгийг бий болгохын тулд хийж буй хөдөлгөөн юм. Нас хүйс, арьсны өнгө, нийгэм, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаанаас үл хамааран хүн бүр тэгш эрхтэй. Их бага ямар ч хэмжээгээр ялгаварлан гадуурхах, доромжлохыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Тиймээс бид боловсрол, сургууль, коллеж гэх мэт газраас эхлээд хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй байна. Мөн төр засгийн бодлого, эрүүл мэндийн тогтолцоо, боловсролын тогтолцоо нь өөр өөр чиг баримжаатай бүх хүүхдэд зориулсан багтаасан байх ёстой. Тиймээс бид хамтдаа хичээн ажиллаж, энэ бүх ойлголтыг сурталчлан таниулсаар байна. Ирээдүйд хүмүүс бид нэг ард түмэн, тэр дундаа ЛГБТИК+ хүмүүс бидэнтэй нэг дэлхийд амьдарч байгаа гэдгийг аажим аажмаар ойлгоно гэж найдаж байна.
“Youth LEAD Mongolia” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Цэвээнравдан
Зөвхөн ЛГБТИК+ хүмүүс энэ нийгэмд ялгаварлан гадуурхалтыг амсаад байгаа юм биш. Өөр маш олон цөөнхийн бүлгүүдэд ч энэ асуудал тулгарч байна. Тиймээс бид хэсэг бүлгээрээ биш бүгд хамтдаа л эрхээ эдлэхийг шаардаж, сануулж байж энэ нийгмийг, хандлагыг өөрчилж чадна.
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал: “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр төрөхөөсөө нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна аа гэж заасан байдаг. Тэгш эрхийн төлөө тайван жагсаж байгаа нь цаашид бидний ирээдүй хойч үед хүний эрхийн төлөө соёл, хандлагыг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.”
“Транс хүмүүс эв нэгдлийг төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхжин: “Манай байгууллага нь ЛГБТ төвийн залуу манлайллын төслөөс улбаалж 2024 оны 2 сарын 1-нд албан ёсоор байгуулагдсан. Транс иргэдийг чадавхжуулах, нэгдлийг бэхжүүлэх, тэдний дуу хоолойг хүргэх зорилготой. Тэгш эрхийн төлөө алхалтаар дамжуулан транс хүмүүс ч бас энэ нийгэмд амьдарч, оршиж байна гэдгийг харуулахыг хүсэж байна. Ингэснээр биднийг гадуурхахгүй, нийгмийн харилцаанд багтаах болов уу гэж найдаж байна.”
Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг
“ЛГБТ Төв ТББ бол Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн үүсгэн байгуулсан 13 байгууллагын нэг. Бид эрх тэгш, ялгаварлан гадуурхалтгүй, хүн бүр эрхээ тэгш эдэлдэг, айдасгүй, хүчирхийлэлгүй, дарамтгүй ийм сайн сайхан нийгэм байгуулахын төлөө өнгөрсөн 10 гаруй жил хамтран ажилласан. Тиймээс би ЛГБТ Төв, ЛГБТИК+ хүмүүсийг дэмжиж, өнөөдрийн жагсаалд ирсэн. Сурч боловсрох эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг, ямар ч айдасгүйгээр эдэлсэн, өөрийнхөө потенциалдаа тултал хөгжсөн ЛГБТИК+ хүмүүс Монголын нийгмийг сайн сайхан болгоход хувь нэмрээ оруулж чадна гэж итгэдэг учраас бид нар хамтдаа явж ирсэн. Цаашдаа ч хамтдаа байх болно. Тэгэхээр Монголын нийгмийг сайн сайхан болгохын төлөө өнөөдөр жагсаж байна.”
Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын захирал Б.Оюундарь
Манай байгууллага хүүхдийн эрхийн чиглэлээр 12 дахь жилдээ ажиллаж байна. Анх үүсгэн байгуулагдсанаасаа эхлээд л бид нар феминист хүний эрхэд суурилсан бодлогоор, сэтгэцийн гэмтэлд чиглэсэн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа явуулж ирсэн. ЛГБТИК+ олон нийт, хүүхдүүд энэ харгис нийгэмд маш их ялгаварлан гадуурхагдаж, маш олон төрлийн хүчирхийлэл дарамтад өртөж байдаг. Тийм учраас хүчирхийлэл ялангуяа жендерт суурилсан хүчирхийллийн хохирогч даван туулагч болж байгаа хүүхэд залуучуудад туслалцаа үйлчилгээ үзүүлэхэд манай байгууллага нээлттэй байдаг. Тийм учраас бид нар өнөөдөр энэ үйл ажиллагаанд байгууллагаараа оролцож өөрсдийнхөө дуу хоолойг өргөж байна аа.
ЛГБТИК+ иргэдийг ялгаварлан гадуурхалтаас ангид, хүний үндсэн эрхээ саадгүй эдлэхийг нь дэмжиж хүний эрхийн активистууд байр сууриа илэрхийллээ.
Тэгш эрхийн төлөө Алхалт нь Барилгачдын талбайгаас эхлэн, Сүхбаатарын талбай, Төрийн ордныг тойрч явсаар эргэн Барилгачдын талбай дээр ирснээр өндөрлөсөн юм. Тайван жагсаалтай таарсан иргэд "Ямар баяр болж байгаа юм бэ?, Эд нар ч бас хүн л дээ?" гэх зэргээр хоорондоо шивнэлдэж байгаа нь сонсогдож байв. Мөн жагсаалын үеэр зориг гарган үзэл бодлоо илэрхийлж, уриа лоозон, туг барьж явсан хүмүүст халдсан, заналхийлсэн тохиолдол гараагүй. Энэ нь эргээд нийгэм хүний эрхийг дээдлэх мэдрэмж өндөр болсныг илтгэж байлаа.