08 сарын 26, 2024
Сургалтын төрийн сангийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүллээ
 Сургалтын төрийн сангийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 365 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Сургалтын төрийн сангийн албан тушаалтан П.Л нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Т-тэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтан Г.Б, Д.Н нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүд дотор эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, өмчлөх эрхийн эсрэг 40, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 38, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, хүний амьд явах эрхийн эсрэг 5, авлига, албан тушаалын 2, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр нэг хэрэг байна.    

Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар