Манай улсад энэ оны 7-р сарын 31-нд улаанбурхан өвчний эхний тохиолдол бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Харин энэ сарын 19-нд Баян-Өлгий аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэнээр улсын хэмжээнд улаанбурхан туссан хүний тоо 12 болж өсөөд байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2023 оны статистик мэдээллээр 178 оронд 341 мянга гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 200 мянга гаруй нь батлагдсан аж.
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар улаанбурханы дархлаажуулалтад 6145 хүнийг хамруулсан. Дархлаажуулах ажил улс орон даяар үргэлжилж байна. Иймээс эцэг эхчүүд улаанбурхан өвчний товлолын дархлаажуулалтад хүүхдээ 9 сар болон хоёр настайд нь хамруулаагүй бол нэмэлтээр дархлаажуулж буй энэ үед хоцорсон хүүхдүүдээ вакцинд хамруулахыг эмч, мэргэжилтнүүд анхаарууллаа.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв