Энэ онд нийслэлийн хэмжээнд 27,800 м.кв талбайд явган хүний зам тохижуулна.
Улаанбаатар хотод энэ онд 27,800 м.кв талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ онд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг орчимд явган хүний зам шинээр хийж, иргэдэд ээлтэй хот болгохоор зорьж байгаа аж.
Тухайлбал, СХД-ийн Өнөр хорооллын 107, 110 дугаар цэцэрлэг, 81, 86 дугаар сургууль, БЗД-ийн 44 дүгээр сургууль, Амгалан цогцолбор сургууль орчимд хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхээр явган хүний зам хийж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө явган хүний зам тохижуулах ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн:
Нийслэлийн Засаг даргын захирамжаар төвийн зургаан магистрал зам талбайд явган хүний чулуун зам хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Эхний дөрвөн багц ажлын нэг багцад гүйцэтгэлийн ажил хийх компани шалгарсан бол үлдсэн гурван багц ажилд худалдан авах ажиллагааг дахин зарласан.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс