Амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг хяналт шалгалтад хамруулжээ.
Архангай аймгийн Өгийн нуур, Хэнтий аймгийн Аварга тосон нуур, Увс аймгийн Хяргас нуур орчимд амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг хяналт шалгалтад хамруулж стандартын шаардлага хангаагүй бие засах газруудыг буулгасан байна.
Дээрх газруудад эко гэр ажиллуулж буй иргэдийн ашиглаж байсан модон жорлонгуудыг өнгөрсөн онд буулгаж, бетонон кольцотой, бохирыг нь соруулдаг модон жорлонгуудыг дахин барьж байгуулсан. Гэвч бохир дүүрсэн үед соруулах машин хүрэлцээгүй, аялагчдын ачаалалттай үед ашиглах боломжгүй гэх шалтгаанаар нүхэн жорлон ашиглаж, хөрсний болон нуурын бохирдол үүсгэж байна.
45 нүхэн жорлонг буулгуулж, 80 орчим тонн хог хаягдлыг цэвэрлүүлжээ.
Иймээс хяналт шалгалт хийсэн аймгийн Байгаль орчны газраас тухайн нуурын орчим үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай албан шаардлага хүргүүлж, торгох шийтгэл оногдуулжээ. Мөн стандартын шаардлага хангаагүй нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 45 нүхэн жорлонг буулгуулж, 80 орчим тонн хог хаягдлыг цэвэрлүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.