Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр
2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр олон нийтэд хандаж дараах мэдээллийг өглөө.
- Сурагчийн дүрэмт хувцасны оронд поло цамц өмсгөх судалгаа хийж байна. Энэ ажил нь ирэх жилээс хэрэгжих бөгөөд дотоодын үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих зорилгоор тодорхой сонголттой, стандартад нийцсэн байдлаар дүрэмт хувцсыг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан.
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Ингэснээр хүүхдүүдийн хоолноос авах шим тэжээлийн үзүүлэлт 50 хувь байгааг 70 хувь руу дөхүүлнэ гэж үзэж байна. Энэ мөнгийг эцэг эхчүүд гаргах бөгөөд ажлын өдрөөр тооцож, сард 22 мянган төгрөг өгөх юм байна.
- Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг харандаагаар бичүүлэх зөвлөмжийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргасан тул бүх сургуульд хүргүүлсэн. Мөн хүүхдүүдийн гэрийн даалгавар хийх хугацааг 20-иос илүүгүй минут байхаар зохицуулна.
- Сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн бичих ажлын хэсгийг мэргэжлийн судлаач нарыг оролцуулан 254 хүнтэй байгуулсан. Тэдний боловсруулсан сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг ирэх жилээс үндэсний хэмжээнд мөрдөнө.
- Унших бичгийн хичээлийг сэргээнэ. Ингэхдээ цахим технологийн дэвшлийг хичээл сургалтын үйл ажиллагаанд ашиглах боломжийг бүрдүүлнэ.
- Цэцэрлэг, сургуулийн багш нарын 20 орчим хувийг хамран сургах тойрогт өөрийнх нь хүсэлтээр сэлгэн ажиллуулна.
- Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг оновчтой байдлаар зохион байгуулна.
- Энэ жил ашиглалтад орох 35 сургуулийн барилгаас 12-ыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
- 9-р сарын 1-ний ням гарагт хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг нээлттэй өдөрлөг байдлаар цомхон зохион байгуулна. 9-р сарын 2-ны даваа гаргаас хичээл сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлнэ.
- Их сургуулиудын ректор томилох, удирдах зөвлөлийг шинэчлэхдээ дээд боловсролын хуулиа баримталж ажиллана.