Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өнөөдөр боллоо.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өнөөдөр болж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 39 багийн 169 гишүүнийг томилов.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамлын орон тооны дээд хязгаарыг 330 сум, 9 дүүргийн 2227 хэсэгт 2658 байхаар баталлаа. Мэдээллийн технологийн даамлууд Мэдээллийн технологийн төв, багийн технологийн нэгдсэн удирдлага дор ажиллах юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс Мэдээллийн технологийн багийн ахлагч нарт 8 дугаар сарын 22, 23-ны өдөр танхимын, 25-ны өдрөөс багийн гишүүд, даамлуудад орон нутагт дадлага болон цахим сургалт зохион байгуулна.