УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан
2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байна. Энэ удаагийн Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ. Түүнчлэн хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргана.
Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 107 гишүүний олонх дэмжсэн юм. Иймд төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулах” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төслийн талаар танилцуулсан юм.
Дараа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохоор чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.