Завхан аймгийн Тосонцэнгэл сум, 2024 оны долоодугаар сар
НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зудад нэрвэгдсэн орон нутгийн иргэдэд энэ онд хэд хэдэн хэлбэрээр хүмүүнлэгийн тусламж хүргэж байна.
Эдгээр байгууллага НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгээр хүргэж буй хүмүүнлэгийн тусламжуудын үр дүнг хянаж үнэлэх ажлаа 7, 8 дугаар сард зайнаас болон биечлэн зохион байгуулж байгаа юм. НҮБ-ын Хүн амын сан, Хүхдийн сангийн хяналт үнэлгээний баг долоодугаар сарын 29-31-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл, Их Уул суманд ажиллаж, тусламж хүлээн авсан малчин эмэгтэйчүүдтэй биечлэн уулзаж ярилцан тусламжийн үр дүн, зохистой байдал, сэтгэл ханамжид үнэлгээ хийлээ. Ингэснээр хүмүүнлэгийн тусламж эзэндээ хүрсэн эсэхийг нягтлахын зэрэгцээ цаашдаа тусламжийн чанарыг дээшлүүлэх, түгээлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Аливаа гамшиг, онцгой байдлын үед иргэдийн ахуй амьдрал, орлогын түвшин буурч тэр хэмжээгээр охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нэн шаардлагатай хэрэгцээ хангагдахгүй байх эрсдэл өндөр болдог. Иймд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан зудын нөхцөл байдал хүндэрсэн есөн аймгийн 72 сумын малчин эмэгтэйчүүд, тэр дундаа хөхүүл жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй болон дотуур байранд гэр бүлээсээ хол амьдардаг өсвөр насны нийт 4000 охид эмэгтэйчүүдэд эрүүл ахуй, ариун цэврийн багц түгээсэн байна.
Мөн орон нутгийн охид, эмэгтэйчүүдийн биеийн болон сэтгэлзүйн аюулгүй байдлыг хангах зорилгоор охид эмэгтэйчүүдийн аюулгүй өрөө/орон зай бий болгох, орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх замаар зудад өртсөн өрхүүдэд сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлуудыг хийж буй.
НҮБ-ын Хүн амын сан, Хүхдийн сангийн хяналт үнэлгээний баг Их-Уул, Тосонцэнгэл суманд ажиллав.
НҮБ нь Монгол Улсад хүмүүнлэгийн нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тус улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ямагт дэмжин ажиллаж буйгаа мэдэгдээд байгаа юм.
НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл суманд ажиллах үеэр хийсэн сурвалжлагаас хүргэе.
-40 хэмийн хүйтэнд 20 гаруй хонов
2023-2024 оны өвөл, хавар Завханы нутгаар бүтэн 30-аад хоног -30 хэм давж хүйтэрсэн бол 20 гаруй хоногт нь -40 хэм хүрч, заримдаа давжээ. Зарим өдөр хөрсөн дээр -48,9 хэм хүрч цочир хүйтэрсэн нь цаг уурын мэдээнд тэмдэглээтэй бий.
Дээр нь их цас, хайлмагтаж мөстсөн давхрага хунгар гээд цагаан, мөсөн зуд Их уул, Тосонцэнгэлийн нутгийн замыг хэдэн сар хааж, малын хөлийг бүтэн таван сар шахуу тушжээ. 2023 оны 11 дүгээр сараас хойш Монголын нийт нутгаар орсон цасны хэмжээ олон жилийн дунджаас 1,6 дахин их буюу сүүлийн 50 жилд ороогүй их цас байсан гэж мэргэжлийн байгууллага тодрхойлсон. 2009-2010 оны зуднаас ч илүү цастай байсныг УЦУОШГ мэдээлж байв. Товчхондоо 2023-2024 оны өвөл, хаврын цаг агаар, цас байдаг л байгалийн үзэгдэл байсан уу гэдэгт эдгээр тоо хариулж байгаа юм.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын аймгийн аварга малчин С.Нацагдорж
Цагаан, мөсөн зудыг Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сумын малчид отор нүүдлээр давснаа ярьцгааж байна. Их-Уул сумын 330 гаруй өрх 100 гаруй мянган толгой малтайгаа, Тосонцэнгэл сумын 40 гаруй өрх 8,2 мянган малтайгаа Хөвсгөл, Булган, Архангай, Төв зэрэг аймгийн нутагт өвөлжин оторлож, хаврын дунд сард нутагтаа ирцгээжээ. Дээр нь тэвдсэн, сандарсан арга барагдсан цагт олны дэм, бусдын дэмжлэг багадаггүй, харин ч сэтгэл санааны том хүч болдог тухай хэлцгээж байв.
“Гэртээ нэг уут гурил, малдаа нэлээн их тэжээл...”
“Зудтай хүнд цаг үед үлдсэн хэдэн малаа л аваад үлдчих юм сан гэж чармайдаг. Тиймээс НҮБ-ын бэлэн мөнгөний тусламжаар голдуу л малдаа өвс тэжээл авлаа. Цагаа олсон бодитой дэмжлэг байлаа” гэж Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сумын малчид ярьж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Ц.Нармандахынх 400-аад толгой малтай Харганын эхэнд зусаж байна. Эднийх 13 дахь жилдээ мал маллаж буй залуу малчин гэр бүлийн төлөөлөл.
Зудын үед малчдын хүүхдүүдэд нэмэлт тэжээл, витамин өгчээ
Завхан аймгийн Их уул сумын 2 дугаар багийн эмч М.Буянжаргал
НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламжаар ирсэн витамин Д, бичил тэжээлийг малчин айлын хүүхдүүдэд түгээж байна. Цас ихтэй, цаг уур хүндэрч малын ажил ихэссэн үед малчид хүүхдүүддээ анхаарал халамж бүрэн сайн тавьж чаддаггүй. Тиймээс энэ тусламж малчдад, хүүхдүүдэд их хэрэгтэй. Бид витамин, нэмэлт тэжээлээ өгөхдөө эхлээд хүүхдээ үзэж үнэлдэг. Сарын дараагаас үр дүн нь маш сайн илэрдэг. Зудын үеэр НҮБ-аас бас эмийн багц ирсэн. Яарч сандарсан, цасанд нааш цааш явах боломжгүй, мөнгө төгрөг муутай үед малчдад их хэрэгтэй тусламж байлаа. Зуднаар мал нь үхэхээр малчид сэтгэл санаагаар их унадаг. Энэ үед олны сэтгэлийн дэм, хандив тусламж их хэрэг болдог доо.
Хадлан тэжээл бэлтгэх арга технологио өөрчилж байна
Манай сумын малчид бага малаа зах зээлд нийлүүлсэн, эцэг мал тавиагүй, отор нүүдэл хийсэн зэргээр арга хэмжээ авч 2023-2024 ны өвөл хавар малын хорогдлыг зохих хэмжээгээр бууруулсан. Малчид өөрсдөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж зудын эрсдэлийг давлаа.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын орлогч Д.Мөнхцэнгэл
Өвөл 11 дүгээр сараас хавар 3 дугаар сар дуустал нийт таван сарын турш, 150 гаруй хоног малаа тэжээхэд асар их тэжээл орлоо. Тэр болгоныг мөнгөөр худалдаж авдаг. Энэ үед НҮБ, Японы Хүүхдийг ивээх сангаас малчин өрхүүдийг сонгон авч тусаллаа. Хорголжин тэжээл, ариун цэврийн хэрэглэл, мөнгөн тусламж үзүүллээ. Дараа нь дахин холбогдож малчдын хүүхэд нэг бүрт зуны хэрэглээний багцыг өглөө. Үүнийг анги удирдсан багш, нийгмийн ажилтнууд хариуцаж, яг хүрэх ёстой эзэнд нь гараас гарт хүргэсэн.
Энэ зун гэхэд нийт бэлчээрийн 60 хувь нь гантай байлаа. Зарим малчид маань тэжээлийн ургамал тарьсан ч бороо хургүйгээс сайн ургасангүй. Байгалийн хадлан авах бололцоо ч тааруу байна. Усалгаатай газар тариалан хөгжүүлэх, малынхаа үр шимийг нэмэгдүүлж, тоо толгойг цөөлөх чиглэл рүү малчид явж байна. Хадлан тэжээл бэлтгэлийн арга технологио өөрчилж байна.
Малчдад зудын үеэр хэрэгтэй тусламжийн нэг нь эм
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант баг сумын хамгийн алслагдсан. 1300 гаруй хүн амтай. 480 гаруй өрхтэй. Тэдний 280 гаруй нь малчин. 17 дахь жилдээ багийн эмчээр ажиллаж буй Рашаант багийн эмч Г.Баасансүрэн
Бэлтгэсэн: “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб