Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
“Парис-2024” зуны олимпын ХХХIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д барилдаж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хулан АНУ-ын Доминик Пэрриштэй дагах барилдаан хийж цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Б.Хулан “Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө барилдаанд Пэрришт 4:2 харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа ялаад байна.
Түүний хувьд өчигдөр шөвгийн 16-д Япон улсын бөх нэг ч ялагдалгүй 133 дараалсан ялалтын цувралаа үргэлжлүүлж байгаа Акари Фүжинамитай барилдаж ялагдсан. Улмаар Фүжинами аваргын төлөө барилдахаар шалгарсан тул дагаж барилдах эрхтэй болсон юм. Б.Хулан хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Пан Чянь-Юйтэй манай цагаар шөнийн 01:00 цагийн үед барилдана.