Төгрөг сумын 100 ойг тохиолдуулан түүх, уран зохиолын гурван боть ном хэвлүүлжээ.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 24-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Төгрөг сумын ИТХ, Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот болон Өвөрхангай аймаг дахь нутгийн зөвлөлөөс түүхт ойдоо зориулан гурван боть номыг хэвлүүлж нутгийн зон олондоо бэлэг барьжээ.
Сумын түүхэн 100 жилийн ойд зориулан Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу: хэл, түүх, соёл, байгаль эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бөгөөд тус хуралд хэлэлцсэн эмхэтгэлүүдээр эхний ботийг бүтээжээ. МУИС-ийн багш, докторант Т.Загарпэрэнлэй, ШУТИС-ийн багш, доктор П.Очирпүрэв, Г.Баттүшиг нар эрхлэн гаргасан байна.
Бүтээлийн хоёр дахь боть буюу Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутаг дахь түүх, соёлын дурсгал номыг тус сумын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамран хийсэн археологийн судалгааны үндсэн дээр хэвлүүлжээ. Редакцын бүрэлдэхүүнд Д.Содномжамц, Т.Загарпэрэнлэй, П.Очирпүрэв, Б.Энхбаяр нар ажилласан аж.
Төгрөг сумын 100 ойг тохиолдуулан түүх, уран зохиолын гурван боть ном хэвлүүлжээ.
Түүхт ойн гурав дахь бүтээл монголын уран зохиолын энэ цагийн шилдэг зохиолчдын Төгрөг нутагт зориулан туурвисан баримтат эсээ, өгүүллэг, хөрөг найруулал, хөрөг нийтлэлээс бүтжээ. МЗЭ-ийн гишүүн, зохиолч, яруу найрагч Д.Өсөх-Эрдэнийн эмхэтгэсэн “Лусын хөмрөг” нэрт эл номд Төрийн шагналт, АУЗ, СГЗ Б.Догмид, СГЗ До.Цэнджав, СГЗ Д.Жамьян, Б.Сарантуяа, Т.Бум-Эрдэнэ, С.Пүрэвсүрэн, С.Баттулга, О.Цэнд-Аюуш нарын бүтээл багтсан байна. Мөн номын төгсгөлд ахмад багш, БТА О.Ичинхорлоогийн нутгийн ахмадуудаас цуглуулж эмхэтгэсэн Төгрөг нутгийн тухай домгуудыг шигтгэсэн байна.
Мөн Төгрөг сумын эрт, эдүгээ цагийн түүхийг, ахуй амьдралыг хүүрнэсэн 70 минутын баримтат нэвтрүүлэг бүтээсэн бөгөөд найруулагч, продюссерээр СТА, П.Батням, сэтгүүлч, редактораар Б.Будхүү ажиллажээ.