Баяр наадмын нээлт, Төгрөг сум, 2024.07.25
Өвөрхангай аймгийн Төгрөг сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам хоёр дахь өдрөө бөхийн барилдааны гурвын даваа, соёолон насны морьдын уралдаан, үндэсний сур, шагайн харваагаар үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй 128 бөх барилдаж байгаа юм.
Баяр наадмын нээлт, Төгрөг сум, 2024.07.25
Баяр наадмын нээлт, хүндэтгэлийн тоглолтыг МУГЖ, Үндэсний урлагийн их театрын найруулагч А.Даваахүү найруулж, продюссерээр СТА П.Батням ажилласан бол СТА, Перфект хамтлагийн дуучин Д.Ганзориг хөгжмийн найруулгыг хийжээ. Ойн баяр наадмын нээлтийг МУГЖ Д.Төмөртогтох, СТА жүжигчин Т.Бархүү, СТА дуучин П.Идэржавхлан, Д.Өсөх-Эрдэнэ тэргүүтэй Төгрөг нутгийн уугуул, суугуул уран бүтээлчид, ардын авьяастнуудаар бүрдүүлсэн нь онцлог байлаа.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын сүүлийн 300 гаруй жилийн түүх нь 1707 онд байгуулагдсан Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу, 1923 онд шинэчлэн зохион байгуулагдсан Цэцэрлэг мандлын аймгийн Арвайхээр уулын хошууны түүхийн бүрэлдэхүүн хэсэг юм.
Баяр наадмын нээлт, Төгрөг сум, 2024.07.25
1924 оны зургаадугаар сард Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууны анхдугаар хурал 90-ээд төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй “Дэлгэрэх булаг”-т хуралдаж сумдын ардчилсан захиргаадыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу Төгрөг хэмээх сумын нэгэн зууны замнал эхэлсэн түүхтэй ажээ.
Баяр наадмын нээлт, Төгрөг сум, 2024.07.25