Бусдыг захиалгаар алуулсан гэх гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг баривчлан авч ирэв.
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Б”-г энэ сарын 11-ний өдөр Австралийн Холбооны Улсаас тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.
Б гэгч нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2015 онд бусдыг захиалгаар алуулсан гэх гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ. Харин түүний захиалгаар бусдыг алсан “А” нь 2016 онд ОХУ руу оргон зайлж, улмаар тэндээсээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх үед монголын цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын талтай Интерполын шугамаар хамтран ажилласны дүнд саатуулан баривчилж, 2017 онд Монгол Улсад шилжүүлэн авчирч байжээ. Ингэснээр А нь үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж, хорих ял эдэлж байгаа аж.