ХЦ-ийн 0243 дугаар ангийн 0295 дугаар салбарын захирагч, ахлах дэслэгч С.Ганзориг. Монгол Улсын хойд хил, 2026 оны есдүгээр сар
Өтгөн ногоон нарсан ойг хус, улиас тэргүүт моддын намрын өнгө чимнэ. Бид дөрөө шүргэсэн өвстэй алтан өнгөт уулсын дундуур Ардын хувьсгалын чимээг өгүүлэх түүхэн газар Жононгийн хөндийг уруудан зуузай холбон явахдаа хил, хилчний амьдралын тухай хөөрөлдлөө. 11 намрыг хилдээ угтаж, байлдагчаас эхэлсэн хилчний замнал нь заставын дарга, ахлах дэслэгч болон үргэлжилж яваа залуухан офицер Монгол Улсын хилийн дугаар баганад биднийг ёслуулаад буцаж яваа нь энэ юм. Эх орныхоо сайхныг, байгалийн гоог, нарны илчийг гайхаж, хойд хилийнхээ зурвас дээрээс эхэлсэн бидний яриа ийнхүү өрнөлөө.
“Жононгийн хөндий” гэж содон нэртэй, үзэсгэлэн төгөлдөр газар юм аа. Бороо орох вий гэж санаа зовж байлаа. Гэтэл тэнгэр цэлмэг, дулаахан, эх орноо хайрласан, та бүхнээр бахархсан сайхан өдөр байна. Таны сэтгэгдлийг сонсоод хоёулаа ярилцлагаа эхлүүлье.
-Сайхан өдөр байна. Уран бүтээлч та бүхэн хилдээ ирээд сэтгэл өндөр байна. Бидэнд ч албаа сурталчлах сайхан боломж шүү дээ. Ингээд хилийн манаандаа явах бол бидний өдөр тутмын ажил алба. Үүргээ, ажлаа бодоод л явдаг юм. Харин таны хэлснийг бодсон чинь 18 настай, цэргийн зарлан авч байсан үе санаанд орлоо. Би чинь ийм сайхан газар алба хааж, гоё албанд ажиллаж байгаа хүн шүү гээд бахархах сэтгэл төрж байна.
-Цэргийн зарлан аваад л эргэлзэлгүй явчихсан гэсэн. Айж байв уу. 18-тай хүү цэрэгт яваад л хилчин болохоор шийдсэн шалтгаан юу байсан бэ?
-Би Зүүнбүрэн суманд төрсөн. Сэлэнгэ аймгийн төвдөө ЕБС-иа төгссөн юм. Анх цэргийн зарлан аваад жаахан түгшүүртэй байсан. Гэхдээ хувцсаа өмсөж, цэргийн хэргийн мэдлэгээ үзэж бага багаар мэдэх тусам албандаа улам татагдаж, сайхан санагдаж эхэлсэн. Тэгээд ч дэд түрүүч цолтой болсон учраас бүх зүйлийг сайн гүйцэтгэж, бусдадаа үлгэр жишээ байхыг хичээдэг болсон доо. Улаанбаатар хотод байдаг Хилийн цэргийн 0151 дүгээр ангид алба хаасан. Тухайн үед биднээс хэдэн цэрэг сонгон авч явж Минжийн заставд тодорхой хугацаанд үүрэг гүйцэтгэх боломж олдож байсан юм. Эрүүл мэндийн шаардлагыг нь хангаж тэнд багтаж явсандаа баярладаг. Нисдэг тэргэнд он жавуудтайгаа зэрэгцэн суугаад, сургалтынхаа даргатай хамт нийслэлээс явж байсан. Тэр сайхан хангай, байгалийн үзэсгэлэнг дээрээс харж яваад очиход заставын бүрэлдэхүүн жагсчихсан хадаг, сүүгээ бариад биднийг угтаж авч байсан дүр одоо ч нүдэнд харагдаж байна. Үнэхээр сайхан мэдрэмж. Ер нь миний цэргийн хүн болсон шалтгаан Минжийн заставтай холбоотой. Тэнд очоогүй нийслэлдээ албаа хаагаад дуусгасан бол цэргийн хүн болох тухай бодол төрөхгүй ч байсан байж магадгүй. Бас Баянчандмань дахь сургалт бэлтгэлийн төвдөө түр сургалтад хамрагдаж, бэлтгэл сургуулилалт хийж уралдаан, тэмцээнд ороод ХХЕГ-ын 80 жилийн ойн тэмдгээр шагнуулж маш их урам зориг авсан. Ингээд л хугацаат цэргийн албаа хаагаад гэрээт хилчнээр үлдэж хилчин болох замаа эхлүүлсэн. Домогт Сулинхээрийн отрядад Ханги-Мандалын боомтоос ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь “Сайн сүүж”-ийн заставдаа томилогдож гэрээгээ дуустал ажилласан даа. 2018 онд ОХУ-ын Кургон хотын Хилийн их сургуульд явахаар болоход л аав ээж хоёр маань энэ хүүхэд эргэлт буцалгүй шийдчихсэн байна гэж ойлгосон болов уу.
-Удам залгасан хилчин олон байдаг. Танай гэр бүлд цэргийн хүн байдаг уу. Хугацаатай албаа хаагаад гэрээт болоод үлдэнэ гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Байхгүй. Би анхных нь. Би хоёр эгчтэй, нэг охин дүүтэй айлын ганц хүү. Аав маань Хөвсгөл аймгийн гаралтай хүн, ээж бол Сэлэнгийн Зүүнбүрэнгийнх. Тэд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байхдаа танилцан гэр бүл болж байсан юм билээ. Анх цэргийн зарлан авахад ээж маань бага зэрэг санаа зовж байсан. Харин одоо бол хүүгээрээ их бахархана аа. Манай гэрт ирсэн найзууддаа миний зураг хөргийг гаргаж үзүүлнэ. Би жаахан санаа зовно оо /инээв.сур/. Аав маань хоёр жилийн өмнө бурхан болсон. Дэмждэг, хүүгээрээ бахархдаг байсан.
-Цэргийн хүмүүст үлгэр жишээ, урам зориг авдаг дарга байдаг гээд ярьдаг юм билээ. Танд тийм хүн бий юу?
-Байлгүй яах вэ. Минжийн заставын дарга байсан ахмад н.Ганбаяраасаа үлгэр дуурайл, үлгэр жишээ авдаг. н.Ганбаяр дарга маань одоо хурандаа болсон. Маш нямбай, цэвэрч, юмыг их гоё хийдэг хүн. Цэргийн хүн төлөвшихөд даргын үлгэр дуурайл их чухал, том нөлөө үзүүлдэг шүү. Энэ дарга шигээ сайхан заставын дарга болох юм сан гэж боддог байлаа. Одоо биелчихсэн байна. Мөн манай отряд буюу ХЦ-ийн 0243 дугаар ангийн захирагч Д.Ганхуяг хурандаагаар их бахархдаг. Анх харахдаа ямар гоё хурандаа вэ гээд их сүрдсэн. Өмнө нь бол Д.Ганхуяг хурандаа гээд түүний тухай зөндөө сонсдог байсан л даа. Тэгээд сургуулиа төгсөөд ирсэн чинь манай ангийн захирагчаар ирээд удаагүй байсан. Их сүрлэг гоё хүн. Ярьж хэлж байгаа нь дандаа хүнд ухаарал өгч байдаг хүн дээ.
Хилийн манааны бүрэлдэхүүн салбарын захирагчид илтгэл өгч буй нь. Монгол Улсын хойд хил, 2026 оны есдүгээр сар.
-Та өөрөө цэргүүддээ юу гэж захидаг вэ?
-Байнга холбоотой байдаг цэргүүд бий. Жаахан үглэнэ ээ. Ингэж болохгүй, тэгж болохгүй, тийм юм хийвэл буруу гээд л өөрийн хэмжээнд ухаарлын талаас нь хэлж, зөвлөхийг боддог. Цэргүүд маань их хөөрхөн. Зөндөө юм зааж сургасан даргадаа баярлалаа гэдэг ч юмуу талархлын үгийг хэлдэг, илгээдэг. Бид ч цэргүүддээ нэг ч гэсэн зөв юм сургаад, зөв дадалтай болгоод явуулчих юм сан гэж хичээдэг дээ.
-Заставын дарга буюу салбарын захирагч гэдэг бол хамгийн хариуцлагатай албыг гүйцэтгэж байгаа хүн шүү дээ. Айл гэрээр төсөөлбөл аавын үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Сүрдэж байв уу?
-Анх томилогдох гээд зөвлөлийн хурлаар орохоор ангийн төв рүү очихдоо баярлаж байгаа боловч би чадах болов уу гэдэг эргэлзээ байсан. Гэхдээ отрядын даргынхаа чадах уу гэдэг асуултад чадна гэж хариулсан. Бас намайг яаж хүлээж авах бол гэдэг бодол дотор байсан, яг заставд очтол. Тэгээд заставын бүрэлдэхүүн хадаг, сүүгээ бариад жагсчихсан, орлогч маань илтгэл өгөөд угтсан. Тэр цагаас хойш өнөөх эргэлзээ бүр мөсөн арилсан даа. Ангийнхаа 0283 дугаар салбартаа анх ийнхүү очиж байлаа. Одоо 0295 дугаар салбарынхаа захирагчаар ажиллаж байна. Салбарын захирагч байна гэхээр маш олон юмыг хэдэн талаас нь бодох шаардлагатай. Хөнгөн шийдвэр гаргаж болохгүй. Жишээ нь, хилийн манаанд хэнийг хэнтэй хамт явуулах вэ гэдгээс л эхэлнэ. Хэнээр ямар ажил хийлгэх вэ, энэ хүний онцлог нь юу билээ, түүний чадварыг юунд гаргах билээ, энэ хүнийг ийм ажилд томилох нь зөв үү, буруу юу ... гээд л санаа тавих юм олон. Аль болох сайн бодож, хийж эцсийн шийдвэрээ гаргах ёстой байдаг. Маш хариуцлагатай ажил. Таны хэлснээр айл гэрээр яривал аав нь л гэсэн үг юм даа. ОХУ-д суралцаад төгсөж ирснээсээ хойш сэтгэл зүйн хангалтын офицероор ажиллаж байсан. Ер нь хугацаат цэргийн алба хаагчаас гэрээт офицер, хилийн сургуулийн сонсогч, заставын орлогч, одоо заставын дарга хийж байгаа болохоор хилийн албаны алба хаагчийн бүхий л шат дарааллаар дамжиж сурч мэдэж, дадлагажиж туршлагажаад явж байгаа гэж боддог.
-Мерит зарчмаар явж буй юм байна. Тэгэхээр энэ байдал тэдний сэтгэл зүйг, хэрэгцээг сайн ойлгоход, ажлаа явуулахад давуу тал болж буй байх.
-Тийм ээ. Хугацаат цэргийн алба хаагч юу хүсдэг вэ, сонсогч юу мэдэрдэг вэ гээд албандаа ажилласан 11 жилийн хугацаанд чамгүй туршлагатай болж байна гэж боддог.
Монгол Улсын хойд хилд 300 жилийн өмнө тэмдэглэсэн хилийн баганын дэргэд заставын дарга хилчин офицер. 2026 оны есдүгээр сар.
-Таныг хугацаат цэргийн алба хаагч байх үетэй харьцуулбал өнөөгийн цэргүүд хэр өөр байна вэ?
-Одоогийн цэргүүд илүү нээлттэй, хүнтэй илэн далангүй харилцдаг болсон. Өөрийн эрх, үүргийг маш сайн мэддэг болсон байдаг. Бас жаахан нялхарсан гэмээр юм уу. Шөнийн манаанд гарч чадахгүй дарга аа, би айж байна гэх нь ч бий. Хүнтэй харилцаж сураагүй, хэл ярианы хөгжил тааруухан, ажил төрөл үзээгүй гэх мэт сул талтай хүүхдүүд хугацаат цэргийн албанд ирдэг болсон. Тэгээд нэг жилийн дараа нөгөө цэргүүдээ халаад дараагийн ээлжийг нь авахад том ялгаа гарч ирнэ шүү дээ. Албандаа дасчихсан, хүнтэй нээлттэй харилцдаг болчихсон, зэмлээд хоёр үг хэлэхэд даадаг болчихсон хүүхдүүдээ хараад эцэг эх нь талархлаа илэрхийлдэг юм. Хүүхдүүдээ эргэж ирсэн ирсэн аав ээж, ар гэрийнхэн ч миний хүү огт өөр хүн болсон байна та бүхэнд баярлалаа гэдэг.
-Хүүхдээ муу зуршлаас нь салгахын тулд цэрэгт явуулж байна гэх боллоо. Янз бүрийн л араншинтай цэргүүд ирдэг бололтой.
-Хүүхдүүдийн цахим хэрэглээ хязгааргүй, мөрийтэй тоглоом, нийгмийн сүлжээнд донтох нь их болж. Сүүлийн үед ирж байгаа цэргүүдийн ар гэрийнхэнтэй ярилцаад суухад гар утаснаас нь холдуулах, эх орных нь гоё сайхан байгальтай танилцуулах зорилгоор хүүгээ цэрэгт явуулсан гэж ярих болсон.
-Хугацаат цэргийн алба хаагчдын хоол хүнс бас их өөр түвшинд очсон юм билээ. Өөрсдөө дуртай хоолоо чанаж идэх, сонголттой хооллох гэх мэт.
-Алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч чанартай хүнсний хэрэглээг дэмжсэн 25 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр биднийг хангадаг. Хугацаат цэргийн алба хаагчид долоо хоногийн хоёр өдөр сонголттой буюу өөрийн идэхийг хүссэн хоолоо сонгож хооллодог. Өөрөө хоолоо хийнэ гэдэг манай тогооч нарын хагас боловсруулж бэлтгэсэн хүнсийг ашиглаад цэргүүд идэхийг хүссэн, дуртай хоолоо хийж иддэг гэсэн үг. Хоол хийж үзээгүй, мэдэхгүй ирсэн цэргүүд маань ийм, тийм хоолоо хийж сурна гээд суралцаж байна. Аяга таваг, гал тогоогоо эмхэлж цэгцэлж, цэвэр цэмцгэр байхад ч сурдаг. Үүнээс гадна захны даавуугаа хадсаар байгаад юм оёж сураад буцдаг. Хүний амьдралд хэрэгтэй зүйлсийг хүүхдүүдэд нь сургаад явуулахаар мөн л эцэг эхчүүдийн талархлыг хүлээдэг дээ.
-Хугацаат цэргийн алба хаагчид халагдах, шинэ цэргүүд ирэх үед төрдөг мэдрэмжээсээ хуваалцвал.
-Цэрэг халагдаж явах тэр мэдрэмж хэцүү шүү дээ. Би их уяхан хүн юм уу дандаа л уйлчихдаг. Манай гэр бүлийн хүн ч адилхан /инээв.сур/. Цэрэг явчихаар их гунигтай. Их дассан байдаг. Цэргүүдээ угтаж авах ч сайхан.
-Хил хамгаалах байгууллагад ашиглаж буй техник хэрэгсэл, байгууллагын техник технологийн хөгжил таныг цэргийн алба хаагч байх үеэс аль хэр өөрчлөгдсөн бэ?
-2015 онд хугацаат цэргийн албанд татагдан ирж байсан. Одоо үетэй харьцуулахад их ялгаа гарна. Ашиглаж буй автомашинуудын хүчин чадал эрс сайжирсан, дрон, камер, дохиолол хамгаалалтын систем зэргийг өндөр түвшинд ашиглаж байна. Ийнхүү хөгжих тусам хүндрэл, бэрхшээл шийдвэрлэгдэж байгаа юм. Тун хурдан хугацаанд эдгээр шинэчлэл, хөгжлийг бий болгосон. Ухаалаг хил хөтөлбөрийн хүрээнд хилчин бүр дрончин зорилтыг хэрэгжүүлж манай алба хаагчид бүгд дрон нисгэж байна. Байгууллагын дотоод сүлжээний радиорелейн системтэй болсноороо орон зайг үл хамааран мэдээ мэдээллийг түргэн шуурхай дамжуулж чадаж байгаа. Цахим шилжилтүүд алба хаагч бидний ажлын явцыг их хөнгөлж байна. Заставууд байнгын интернеттэй, нарны сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж цахилгаантай, байрууд халуун хүйтэн устай, халаалттай болж үнэхээр тав тухтай амьдрах нөхцөл боломж бүрдсэн. Хилийн манаанд явахдаа ар гэртээ, үр хүүхдэдээ санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлж өгсөн. Эрүүл цэвэр агаарт, тав тухтай ажиллаж, амьдрахаар лагерийн байшинд байгаа мэт мэдрэмж төрдөг шүү, заримдаа. Яах вэ, өвлийн хүйтэнд хилийн манаанд явдаг гэх мэтийг зарим хүн хүнд хэцүү, хүндрэлтэй асуудал гэж ойлгодог. Хилчдэд бол энэ үүрэг их сайхан. Өвлийн хүйтэнд хилийн манаанд яваад морьд цав цагаан болчихсон, цан хүүрэг татуулаад л орж ирэх хилчдэд гоё санагддаг юм шүү дээ.
Заставын дарга. Монгол Улсын хойд хил, 2026 оны есдүгээр сар.
-Хөгжөөд байхад нөгөө л морь, тэмээтэйгээ юу гэдэг юм хааяа харагдах. Эд чинь хилчдийн салшгүй уналга биз дээ?
-Хилчин хүнийг морь, нохойгүйгээр төсөөлөхийн аргагүй. Говьд бол тэмээн уналга бас бий. Орчин үеийн техник технологийг ашиглаад хилчид үүрэг гүйцэтгэж байна. Гэхдээ тэдгээр техник хэрэгсэл, машин техник очиж чадахгүй газар бий. Морио унаад, нохойгоо дагуулаад явна гэдэг бол хилийн хяналт зохион байгуулах хамгийн сайн боломж байдаг. Хилийн манаанд өдөр тутам үүрэг гүйцэтгэдэг нохой, хилд зөрчил болсон үед мөр мөшгөдөг эрэлч нохой гэх хоёр төрлийн нохой хилийн албанд байдаг юм. Машин бол сайхан хүнгэнээд л ирнэ. Түргэн, шуурхай.
-Морин уналга гэснээс морь унаж чадахгүй хөвгүүн хугацаат цэргийн албанд ирэх юм уу?
-Ирнэ ээ, ирнэ. Сүүлийн үед бүр ч өсөх хандлагатай байна. Хот гэлтгүй хөдөөгөөс ирж буй цэргүүд ч морь унаж сураагүй нь бий. Мотоцикл, машин унадаг болсон нь их нөлөөлж байх шиг. Манай хилчид чинь монголынхоо өв уламжлалыг авч явж байгаа хүмүүс шүү дээ. Морио унаад хилийн манаанд явж байхад таарсан орон нутгийн хүмүүс ямар гоё юм бэ, морьтойгоо явж байна гээд байдаг юм. Морь унаад явах нь бидний нэгэн бахархал юм даа.
-Энэ өндөр өвстэй, гүн гуу жалгатай уулсыг уруудаж, өгсөж, ой моддыг харж явахад өвөл, зуны хилийн манаа ихээхэн онцлогтой байдаг болов уу гэж бодогдож байна.
-Тэгэлгүй яах вэ. Жилийн дөрвөн улиралд л онцлогтой, сорилттой. Манай хариуцсан байршил Монгол Улсын хойд хил уулархаг хөндий, өтгөн тайга, гол мөрний сав дагуу оршдог. Өвөрмөц тогтоцтой, өвөлдөө хүйтэн, цас их унадаг, зундаа чийглэг уур амьсгалтай, хур тунадас ихтэй байдаг газар. Товчоор хэлбэл ийм л тэсвэр тэвчээр, хатуужил, даван туулах ухаан шаардсан нөхцөлд хилчид үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Цагийн байдал, цаг агаар гээд бүгдийг судалж цаг, бүрэлдэхүүн, уналгыг тооцон томилдог доо.
-Өдөр атал энэ жалганы гүнд, өвсний доор, модны ард юу байгаа бол, морь хаана нь гишгэчих бол гэж санаа зовонгуй явж байна. Гэтэл та бол энэ бүгдийг гэгээн өдөр, харанхуй шөнийн алинд ч алдалгүй мэдэж байх үүрэгтэй хүн шүү дээ.
-Манай отрядын даргын хэлдэг үг байдаг юм. Хариуцсан хэсгийнхээ эзэн бай хэмээх үг. Чиний хариуцсан хэсгийн хаана нь ямар чулуу байдгаас эхлээд бүгдийг нь мэдэж авах ёстой гэдэг. Бид хариуцсан газраа маш хариуцлагатайгаар сайтар судлах шаардлагатай байдаг. Тухайлбал, хил зөрчигч илэрлээ гэхэд хариуцсан хэсгээ сайн мэддэг хилчид түргэн барина шүү дээ. Аль амийг өгсвөл хаанаас гарч ирдгийг, хаана гол байгааг, ямар газар сүлжээ ордгийг гэх мэт бүхий л байршил, нөхцөлийг мэдэж байх хэрэгтэй юм. Хилчин болоод газрын баримжаа сайтай болсон. Хүүхэд байхдаа аавтайгаа хамт машин тэрэгтэй хөдөөгүүр их явдаг ч зам цээжилдэггүй байж билээ.
-Хилийн застав хэмээх айлын намрын ажил ид өрнөж байна уу?
-Өрнүүн байна. Яг л нэгэн айл намрын бэлтгэлээ базаах шиг өрнөнө шүү дээ, бидний ажил. Улсын хилийг хамгаалах үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд үүнийг дагалдах бүхий л ажлаа өөрсдөө хийнэ. Хилд явах уналгын морьдоо тэжээхийн тулд өвс хэрэгтэй учир хадлангаа бэлтгэнэ. Ой нээхээр зөвшөөрлөө авч модоо бэлдэнэ. Түлээ, хадлан тариа, будаагаа базаах, байр орноо дулаалах гээд ажил их ээ. Хилчин дээл, эсгий гутлаа хүртэл өмсөөд гарахад бэлэн болгоно шүү дээ.
ХЦ-ийн 0243 дугаар ангийн 0295 дугаар салбарын захирагч, ахлах дэслэгч С.Ганзориг. Монгол Улсын хойд хил, 2026 оны есдүгээр сар
-Ер нь хилийн цэрэг таныг яаж өөрчилсөн бэ?
-Цэрэгт явахаасаа өмнө үг дуу цөөнтэй, дотогшоо, бүрэг хүүхэд байсан. Тэгээд олон аавын хөвгүүнтэй нөхөрлөж, сайн дарга нарын удирдлагад алба хааж, ажиллаж, цаашлаад суралцаж явсаар өнөөдрийн би бий болсон. Амьдралынхаа зорилго, мөрөөдлийг энэ албанаасаа олж түүнийгээ биелүүлээд сайхан явж байна. Хилийн цэрэгтээ би их баярлаж явдаг юм. Тиймдээ ч албандаа үнэнч ажилладаг. Энэ албандаа ажиллаж амьдрал ахуйгаа авч явж, маш сайхан эрүүл газарт гэр бүлээрээ амьдарч, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байна. Удирдлагаас хилчдийн хүүхдийн сурч боловсрох эрхийг хангаж өгсөн. Гачигдах дутагдах юм үгүй сайхан албандаа үүргээ гүйцэтгээд л явж байна даа.
-Хилчин хүн гэж та өөрийнхөөрөө тодорхойлбол?
-Их том агуулга юм даа. Миний бодлоор бол чин сэтгэлээсээ эх оронч үзэлтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүнийг л хилчин гэж хэлнэ. Хилийн цэрэгт ажиллаж байгаа үе үеийн гоё офицеруудыг хараад байхад цалин мөнгийг нь ч гэдэг юм уу ямар нэгэн хэлбэр харж энэ албанд орсон хүн байдаггүй. Угаас манайхны цалин өндөр биш гэхдээ бага ч бус. Бодоод байхад эх оронч, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс хилийн цэрэгт орсон байдаг юм болов уу.
-Танай онжавуудаас цэргийн хүн болсон нь бий юу. Тэдэндээ ямар үг дайх вэ?
-Бий. н.Батнасан, н.Лхагва-Очир найзууд маань цэргийн хүн болсон. Бид уулзалгүй нэлээн удсан байна. Бүгд л цаг наргүй ажилтай цэргийн болохоор гурвуулаа таарч уулзаж чадах нь тун ховор. Бүр эртнээс төлөвлөж байгаад ээлжийн амралтаа зэрэг авбал л уулзалдах боломж бүрдэнэ шүү дээ. Нэг сайхан уулзаж, ярилцаж суух юм сан, андуудаа гэж хэлье дээ.
-Ярилцлагын төгсгөлд эх орныхоо хилд үүрэг гүйцэтгэж байгаа мөрдэс нэгт нөхдөдөө хандаж ямар үг хэлэх бол?
-Монгол орныхоо өнцөг булан бүрд суугаа хилчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Хил хамгаалах ариун үйлст нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Хилийн тэнгэр цэлмэг байж хилчдийн яруу алдар бадрангуй байг ээ.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ярилцлагын үеэр. Монгол Улсын хойд хил, 2026 оны есдүгээр сар.