Гэрэл зургуудыг НҮБ-ын сайтаас авч ашиглав.
Дэлхийн энх тайвнаас монголын бэлчээр хүртэл – Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улс юу хэлэв?
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган энэ сарын 9-нд нээлтээ хийсэн. Харин дэлхийн улс орны удирдагчид оролцдог Ерөнхий санал шүүмжлэл 22-28-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо боллоо. Чуулганыг Бангладеш улсын дипломатч, элчин сайд Халилур Рахман даргалав.
Энэ удаа “Ногоон тойм”-доо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож хэлсэн үгийг задлан хүргэж байна. Ерөнхий санал шүүмжийн эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс 23 минут орчим үг хэлсэн нь тус байгууллагын албан ёсны сайтын бичлэгт үлджээ. Түүний хэлсэн үгийг НҮБ-дэлхийн нөхцөл байдал-НҮБ-ын шинэчлэл-үүнд Монгол Улсын хувь нэмэр-монголын түүх, үнэт зүйл-монголын санаачилга-дэлхийн хамтын ажиллагаа гэсэн хэлхээгээр тоймлон, 10 баримтад хувааж үзлээ. НҮБ-ын өнөөгийн үйл ажиллагаа, дэлхийн орнуудын нөхцөл байдал, олон улсын эдийн засаг, энх тайвны эгзэгтэй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн үг өргөн агуулгатай, даацтай, бусдад найдвар төрүүлэхүйц байлаа.
Баримт 1
Үгийн эхэнд Монгол Улс 1961 онд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэн түүхийг дурдаж 65 жилийн турш энэхүү байгууллагын дотор багтаж явсан гишүүн улс гэдгийг тодотгоод НҮБ, түүний системийн байгууллагуудад талархал илэрхийлэв. Улмаар НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл байх ёстой гэж үздэг тухай өгүүлээд Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг бөгөөд зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна гэж хэллээ.
Баримт 2
Эзэн хичээвэл заяа хичээнэ хэмээх Монгол ардын зүйр цэцэн үгээр НҮБ-ын гишүүн орнуудын итгэл сэтгэл, хичээл зүтгэл тус байгууллагыг бэхжүүлэхэд чухал гэдгийг онцлов. “...Зөвхөн дэмжлэг, туслалцаа хүлээх бус өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө...” хэмээн хэлж өөрсдийн хариуцлага, үүрэг хүлээх чадамжтай, бие даасан байр суурийг харуулсан. Энэ нь голдуу хөгжиж буй гэдэг тодотголтой Монгол шиг улс, орны илтгэлд дурдагддаг “бидэнд тусламж, дэмжлэг хэрэгтэй байна” гэдэг эшлэлийг халсан хувилбар болсон юм.
Баримт 3
Дэлхийн улс орнуудын зөрчил, мөргөлдөөн хурцдаж буй энэ цаг үед олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн, олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь нэн чухал болж байна гэж хэлсэн. Ингэхдээ 800 гаруй жилийн өмнө монголчуудын даян дэлхийд тогтоосон “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг өнөөгийн олон улсын харилцаатай холбон жишээлэв. Үүгээрээ олон ургалч үзлийг хүндэтгэх, олон тулгуурт зарчмыг баримтлах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх Монгол Улсын гадаад бодлогын үндсэн байр суурийг илэрхийлжээ. Мөн монголчууд дэлхийн энх тайвны тухай ярих эрхтэй гэдгийг ч дашрамд нотлов.
Баримт 4
Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулж олон улсын энх тайвны үйлс, хүний эрхийг хамгаалахад хүчин чармайлт гаргаж ирснийг онцолж, “Цөмийн зэвсэггүй бүс”, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал, Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг үйл ажиллагааг дурдлаа. Энэ нь НҮБ-ын гишүүн Монгол Улс юу хийсэн бэ гэдгээ тайлагнаж, уриалах бус бодит үйлдэл хийж, хэрэгжүүлж ирсэн орон гэдгийг батлав.
Баримт 5
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн тогтвортой хөгжлийн зорилго-уур амьсгал-байгаль-хөрс-ус-хүнс-малчид-СОР17-Монголын санаачилга гэсэн түлхүүр үгийн дарааллаар үргэлжилсэн хэсгийг байгаль орчны бодлогын илтгэл гэж хэлж болохуйц байлаа. Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох бус, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай юм гэсэн нь маш оновчтой тодорхойлолт болов.
Баримт 6
Монгол Улс СОР17 бага хурлыг зохион байгуулсан гэсэнгүй. Харин СОР17 бага хурлыг даргалагч улсын хувьд Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн төлөвлөгөө” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаа холбоо бүхий гурван тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна гэв. Ийнхүү НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг нэг удаа зохион байгуулаад өнгөрсөн бус Монголын гадаад бодлогын идэвх, Монгол Улсын зүгээс цааш үргэлжлүүлэх олон улсын түвшний бодлогын санаачилга гэдэг утгыг илэрхийллээ.
Баримт 7
“Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь дэлхийн бэлчээр хамгаалалтын түүхэнд шинэ хуудас нээсэн томоохон хөдөлгөөн гэж бид үзэж байна гээд нүүдэлчин монголчуудын уламжлалт мэдлэг, байгальтай зохицон амьдрах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тэсвэрлэх чадвартай холбов. Үүнээс монголчуудын нүүдэлчин ахуй бол соёлын олон янз байдлын нэг хэлбэр, өв биш өнөөгийн хүн төрөлхтөнд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн нэгэн эх сурвалж гэдэг санааг ойлгож болохоор юм.
Баримт 8
Илтгэлийн бүтэц дэлхийгээс Монгол, Монголоос дэлхий гэдэг агуулга руу шилжиж энэ хоёр бол тусдаа асуудал биш гэдгийг тодруулж байх аж. Дэлхийн хурцадмал байдал гэж эхлээд ийм тодорхойгүй үед НҮБ илүү хэрэгтэй болоод байна, Монголын НҮБ-д оруулсан хувь нэмэр, монголын энхийг сахиулагчид, монголын цөмийн зэвсэггүй статус, Монгол ба СОР17, монголын бэлчээр, монголын нүүдэлчин уламжлал дарааллаар өрнөөд дэлхийн энх тайван хэмээн төгссөн байна. Энэхүү хэмжээний шилжилт нь шийдлийн тоо баримт багатай илтгэлийг илүү даацтай, итгэл төрүүлэхүйц болгож өгчээ.
Баримт 9
Ерөнхийлөгчийн илтгэлд улс орнууд хамтран ажиллаж илүү сайн, энх амгалан дэлхийн ертөнцийг “нэгдсэн хүчээр” бүтээе гэдэг уриалга хэдэн удаа дурдагджээ. Энэхүү санаа илтгэлийн төгсгөлд хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл найдварын их өргөө болсон НҮБ-ыг “Даян дэлхийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг, нэр хүнд бүхий байгууллага болгохын төлөө дэлхий нийтээрээ хүчин зүтгэцгээе гэдэг уриалгаар илүү тод илэрч байна.
Баримт 10
Ерөнхийлөгчийн илтгэлийг нэгдүгээрт Монгол Улс өөрийн гадаад бодлогын байр суурийг НҮБ-ын олон талт тогтолцоотой холбож илэрхийлсэн, хоёрдугаарт тус байгууллагын үйл ажиллагаанд Монголын оруулсан хувь нэмэр, гуравдугаарт байгаль орчны асуудал буюу цөлжилт, газрын доройтол, бэлчээр, ус, малчдын аж төрлийг тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, энх тайвантай уялдуулан ярьсан байна.