Арвайхээрийн хог хаягдлын менежмент нэгдсэн цэгээс бус өрхийн хогийн савнаас эхэлнэ
Арвайхээрийн хог хаягдлын менежмент нэгдсэн цэгээс бус өрхийн хогийн савнаас эхэлнэ

Арвайхээрийн хог хаягдлын менежмент нэгдсэн цэгээс бус өрхийн хогийн савнаас эхэлнэ.

Үүрийн гэгээнээр Арвайхээрийн айл өрхийн аж амьдрал эхлэхтэй зэрэгцэн хог нэг нэгээр нэмэгдэнэ. Өглөө гэрээс гарсан нэг уут хог, дэлгүүрээс авсан ундааны нэг хуванцар сав, өчигдрийн хоолны үлдэгдэл, хэрэглээнээс гарч хог гэж нэрлэгдсэн бүхэн нэмэгдсээр өдөржин үүссэн хаягдал орой болоход уул овоо мэт болно. Өвөрхангай аймгийн Байгаль орчны газраас гаргасан мэдээлэлд Арвайхээр сумын хэмжээнд өдөрт 300 тонн орчим хог хаягдал үүсдэг гэжээ. Гэвч тэр их хогийг хааш нь аваачдаг, очсон хойноо ямар байдалтай болдгийг тэр бүр анзаардаггүй.

Хог ачсан машин төвийн гудамжаар өнгөрч “Түгийн овоо” буюу Арвайхээр сумын нэгдсэн хогийн цэгийг чиглэхэд үүр цүүрээр эхэлсэн тэр урсгал тэнд төвлөрнө. Ууталсан хог дотор дахин ашиглаж, дахин боловсруулж болох хуванцар сав, лааз, цаас, картон, шил, төмөр төдийгүй хоолны үлдэгдэл, малын гаралтай органик хаягдал хүртэл холилдон ирсэн харагдана. Өөрөөр хэлбэл, бидний хог гэж нэрлээд нэг уутанд хийсэн зүйлс цэг дээр очихдоо булшлагдах ёстой үлдэгдэл эсвэл дахин ашиглаж, боловсруулах боломжтой түүхий эд гэсэн бүлэгт хуваагддаг.

Хог тээвэрлэх машин есдүгээр багаас хөдлөх зуур хогоо гаргаж амжаагүй айлууд тор, шуудайтай зүйл барьсаар араас нь гүйлдэнэ. Жолооч руу хашхиран зогсоож “хоёр, гурван тор хог байгаа юм, түр хүлээгээрэй” гэж яарна. 

Нөгөө талаас “хог хийсэн шуудайгаа авна шүү” гэх дуу ч сонстов. Машинаа зогсоож айлуудын хогийг ачиж эхэллээ. Шуудайгаа авна гэсэн айлын хогийг суллан асгахад хоолны үлдэгдэл, гялгар уут, хуванцар сав, цаас болон бусад хаягдал эхүүн муухай үнэр савсуулан тэвш рүү сул асгарав. Ядаж шил, хуванцар, цаасыг тусад нь ялгасангүй. Ганц эдний хог ийм бус. Олонхоос нь энэ дүр төрх харагдлаа.

Хог тээвэрлэх машины тэвш овойтол дүүрсэн тул аваачиж асгахаар нэгдсэн цэгийг зорилоо.  Замын донсолгоо бүрд гялгар уут, цаас зэрэг хөнгөн хог салхины уруу хийсэж алга болно. Зориулалтын шахагчгүй, битүүмжилсэн тээврийн хэрэгсэл биш учраас тээвэрлэлтийн явцад хог унах тохиолдол гардаг гэж ачигч Б хэлсэн. Мөн замд унасан хогийг цаг тухайд нь цэвэрлэхгүй бол гудамжны нохой цуглах, улмаар хог тарах, зуны халуунд муудаж эвгүй үнэр гарах зэрэг асуудал үүсдэг гэж ярьсан юм.

arvaikheer_hog_2 Арвайхээр сумын нэгдсэн хогийн цэг.  2026 оны есдүгээр сар

Уг нь Монгол Улсад мөрдөгдөж буй Хог хаягдлын тухай хуулийн зохицуулалтаар хог тээвэрлэхдээ зориулалтын машин техник ашиглах, эсхүл хог салхинд хийсэх, унахаас хамгаалсан байх шаардлага тавьдаг. Тээврийн шатанд хог алдагдахгүй байх нь хог хаягдлын менежментийн салшгүй хэсэг боловч энд алга байлаа. Явсаар төмөр хашаагаар ортол эрээлжилсэн өнгө, эвгүй үнэр танар холилдон угтав. Машин хог буулгах хэсэгт очиход гэнэт олон хүн гараад ирлээ. Хог асгаж эхлэхэд хүмүүс шууд л асгарсан хог руу ойртон хэрэгтэй зүйлсээ түүж эхэлнэ. Картон цаас салгаж, лааз түүж, шил, төмөр, зэсийг ялгаж авцгаах юм. Ингээд өмнө өгүүлсэнчлэн хогийн цэг дээрээс дахин нэг удаа ангилах ажиллагаа эхэлж байгаа нь энэ.

Машины тэвшинд холилдож, ялгаж салгахад туйлын бэрх болсон хаягдлыг улаан гараараа ухаад хэрэгтэйгээ авчихна. Тэдний нэг хувиараа дахивар цуглуулж борлуулдаг н.Батмөнхтэй ярилцахад айлуудын хогийн бүтэц, дахиврын чанартай холбоотой асуудлыг онцлов. Олонх айл дахивар хогоо тусад нь ялгаж ууталдаггүй. Ариун цэврийн бохир цаас, хоолны үлдэгдэл, бусад хогийг дахивартай холиод хаячихдаг учраас ялгаж авахад хэцүү. Их бохир болсон байдаг. Цаасан хайрцаг хоолны үлдэгдлээр бохирдсон бол дахин борлуулахад хүндрэлтэй. Хуванцар сав бусад хогтой холилдсон үед мөн л цэвэрлэж, ялгах нэмэлт ажил гардаг гэж тэр хэллээ. Тэрээр энэ нь зөвхөн ажил хөдөлмөрийн хүндрэл биш. Хогийг эх үүсвэр дээр нь ялгаагүйгээс дахивар материалын чанар муудаж, цаашид эдийн засгийн эргэлтэд орох боломж нь багасдаг гэдгийг онцолж байсан юм.

Эмх замбараагүй холилдсон хогийг хүний гараар нэг бүрчлэн ялгаж, салгах шаардлагатай болдог. Харин өрх бүр хогоо анх гаргахдаа хуванцар, цаас, металл, шилээ тусад нь хийж хэвшсэн бол дараагийн шатанд ийм их хөдөлмөр шаардахгүй. Эндээс хог хаягдлын асуудлын эхлэл хогийн цэг биш өрхийн хогийн сав гэдэг нь харагдаж байгаа юм.

Уул нь Өвөрхангай аймагт хогийг эх үүсвэр дээр нь ангилах зохицуулалт бий. 2022 онд баталсан журмаар айл өрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үүсгэсэн хог хаягдлаа эх үүсвэр дээр нь багасгах, ангилан ялгах үүрэгтэй бөгөөд хогийг ангилах зориулалтын савтай байх, ангиллын дагуу хаях шаардлага тавьжээ. Мөн ангилсан хогийг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг орон нутгийн түвшинд тусгасан байдаг. Тэгэхээр бүх хог нэг уутанд байгаа дүр зураг нь журмын зорилгыг өөр тийш нь хандуулжээ. Гэхдээ асуудлыг зөвхөн иргэдээс хайх учир дутагдалтай. Учир нь оршин суугч хогоо ангилсан ч дараагийн шат нь ажиллахгүй бол ангилсны үр дүн алга болно.

Өмнөх жилүүдэд Өвөрхангай аймаг дахивар түүхий эдийг цуглуулах, нягтруулах чиглэлээр тодорхой ажил хийжээ. Аймгийн 2022 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээлэлд 13 суманд хоёрдогч түүхий эд хүлээн авах 28 цэг ажиллаж, 301.8 тонн дахивар хаягдал цуглуулсан байна. Мөн 14 суманд хоёрдогч түүхий эд нягтруулах 21 пресслэгч төхөөрөмж ажиллаж байсан гэж тайлагнажээ. Гэвч эдгээр нь өнөөдөр ажиллаж буй эсэх тодорхойгүй. Арвайхээрийн нөхцөл байдал ч үүнийг илтгэнэ. Картон, цаас нягтруулах зориулалттай хоёр төхөөрөмжийн нэг нь ажиллагаагүй болсон тул байнгын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа талаар ажилтан н.Пүрэвдалай ярив. Оршин суугчдаар хогийг ангилуулж, үүнийгээ дахивар хүлээн авах цэгт авчирсан ч нягтруулах төхөөрөмж нь ажиллахгүй бол яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хоёрдугаарт, нягтруулж чадлаа ч тогтмол худалдан авагч байхгүй бол яах вэ, гуравдугаарт худалдан авагч олдлоо ч түүхий эдийг Улаанбаатар руу тээвэрлэх зардлыг хэрхэн зохицуулах вэ?

arvaikheer_hog_1 Арвайхээр суманд байх дахивар хүлээн авах цэг. 2026 оны есдүгээр сар. 

Энэ бүх асуултын цаана хог хаягдал гэдэг нэг удаагийн цэвэрлэгээний ажил биш, олон шат дамжлагатай эдийн засгийн эргэлт болох нь харагдана. Өрхөөс гарсан хогийг эхлээд ангилна. Тусад нь цуглуулна, тээвэрлэнэ, дахиврыг ялгана, нягтруулна, хадгална, худалдан авагчид нийлүүлнэ, үйлдвэрт хүргэнэ. Ингээд үйлдвэрт боловсруулж бүтээгдэхүүн болгоно. Энэ хэлхээний аль нэг нь ажиллахгүй бол дахивар түүхий эд хогийн цэг рүү буцаж очих эрсдэлтэй.

Өвөрхангай аймаг өмнөх жилүүдэд энэ хэлхээний зарим хэсгийг бий болгож чадсан ч нэг систем болгон холбож арай амжаагүй байна. Аймагт өмнө нь хэрэгжсэн дахин боловсруулах туршлага ч үүнийг нотолно. Тайланд дурдсанаар Арвайхээрт хуванцар бутлагч төхөөрөмж ашиглалтад орж 2022 онд 29.9 тонн хуванцрыг бутлан боловсруулж 2985 ширхэг хашааны шон үйлдвэрлэжээ. Хогийн цэгт очих байсан хуванцрын тодорхой хэсгийг боловсруулж өөр төрлийн бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулсан ч бүрэн шийдвэрлэгдсэнгүй.

Хог хаягдлын цогц менежментийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Их хурлын 2026 оны 27 дугаар тогтоолоор хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, ангилсан хогийг тусгайлан цуглуулж тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих чиглэлийг Засгийн газарт өгсөн байна. Мөн үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлагыг боловсронгуй болгох, хуванцар болон шилэн сав, лааз зэрэг дахиварт барьцаат буцаалтын тогтолцоо нэвтрүүлэх, хог хаягдлаас бордоо, эрчим хүч үйлдвэрлэх боломжийг дэмжих асуудлыг тусгажээ. Энэ бодлого Өвөрхангай аймагт ч хамаатай. Хогийн цэг дээр ажиллаж буй иргэд, хог тээвэрлэх машины жолооч, ачигч нарын яриа аймгийн хог хаягдлын нөхцөл байдлыг харуулсан.  дахин нэг асуудал харагдана.

arvaikheer_hog_3 Арвайхээр сумын нэгдсэн хогийн цэг буюу "Түгийн овоо"-ны нөхцөл байдал. 2026 оны есдүгээр сар. 

Хог хаягдалтай холбоотой өөр нэг асуудал. Хогийн цэгт очсон хаягдлын дотор зөвхөн хуванцар, цаас, металл, шил байсангүй. Хүнсний үлдэгдэл, малын гаралтай бүтээгдэхүүний хаягдал, тэр дундаа малын толгой шийр, цувдай, яс зэргийг ихээр хаяжээ. Эдгээрийг бусад хогоос тусад нь цуглуулах, хэрхэн шийдвэрлэх боломжийг судлах, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлага үүсжээ.

Дахин нэг асуудал. Хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях. Өвөрхангай аймгийн Байгаль орчны газраас 2025 онд хийсэн хяналт шалгалтаар Тарагт, Зүүнбаян-Улаан, Хужирт, Бат-Өлзий, Хайрхандулаан сумын нутагт зориулалтын бус газарт үүссэн найман хогийн цэгийг олж удирдлагуудад нь цэвэрлүүлэх чиглэл өгсөн байжээ. Энэ нь хог хаягдлын асуудал ганц Арвайхээр суманд байгаа бус аймгийн хэмжээнд анхаарах ёстойг илтгэж байгаа юм.

Хог тээвэрлэх машин ирсэн замаараа буцаж явна. Замын хажуугийн бут, өндөр өвсөнд орооцолдсон өнгө өнгийн гялгар уут, хөсөр хаягдсан хуванцар сав зэрэг жаргаж буй нарын туяанд солонгорон үзэгдэнэ. Хогийн цэгийн төмөр хашаанаас гарсан ч хаа сайгүй, эмх замбараагүй, элдэв хогонд дарагдсан газар орон. Арвайхээр сум эсвэл аль нэгэн сум шинэ машин авснаар, хогийн цэгээ өргөтгөснөөр асуудал шийдвэрлэгдэхгүй. Хог хаягдлын менежментийн үр дүнг цуглуулж, булшилсан хогийн ихээр хэмжихгүй. Хог хаягдлын нэгдсэн менежментийг чанартай, хариуцлагатайгаар хэрэгжүүлж, цаашид тэг хог хаягдлын замнал руу ойртох санаачилга гаргаснаар энэ асуудал шийдэгдэнэ гэдгийг айл өрхөөс эхлээд бодлогын түвшинд ойлгох шаардлага байна.

Ч.Юмчирдулам