Хогийн цэг байсан 2.1 га газарт биологийн нөхөн сэргээлт хийжээ
Хогийн цэг байсан 2.1 га газарт биологийн нөхөн сэргээлт хийжээ

Хогийн цэг байсан 2.1 га газарт биологийн нөхөн сэргээлт хийжээ

Өвөрхангай аймгийн хэмжээнд хог хаягдлын менежмент тулгамдсан асуудал хэвээр байна. Гэсэн хэдий ч орон нутгийн удирдлагууд хогийн цэгүүдийг цэгцлэх, нүүлгэн шилжүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч байгаа ажээ.

Тухайлбал, олон жилийн турш иргэдийн шүүмжлэл дагуулж ирсэн Арвайхээр сумын төвийн хойд хэсэгт байрлах Түгийн овооны хогийн цэг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна. Анх 70 га орчим талбайг хамарч байсан хур хогийг шат дараатай цэгцэлж, дөрвөн га талбайд төвлөрүүлсэн бөгөөд өмнө нь хог хаягдал байсан 2.1 га газарт биологийн нөхөн сэргээлт хийжээ.   

Мөн Хархорин суманд хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд олон жилийн турш 27 га талбайд тархсан байсан хур хогийг бүрэн булшилж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 8.5 га талбайд шинэ хогийн цэг байгуулсан байна. Шинэ талбайд хуурай, шингэн, эмнэлгийн болон аюултай хог хаягдлыг тус бүрд нь ялгах зориулалтын хэсгүүдийг төлөвлөжээ.

Цаашид аймгийн хэмжээнд хог хаягдлын менежментийг сайжруулж, ил задгай хог шатаахыг зогсоох, дахин боловсруулах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гудамж талбайд хог ангилан хаях сав байршуулж, хогоо зориулалтын дагуу ангилж хаяхыг уриалж байна.

Ч.Юмчирдулам