РМ 2.5 бол утаа биш. Өвөл, зунгүй, гадна, доторгүй биднийг хордуулна.
Улсын баяр наадмын өдрүүд тохиож Улаанбаатар хотод хүн, машины хөдөлгөөн эрс сийрчээ. Дугуй, скүүтэртнүүд, явган хүмүүстэйгээ түгжирч, нэгийгээ мөргөж, шахцалдан зөрдөг явган гүүрээр ганцаараа алхлаа. Гэрлэн дохио дээр багшралдаж, утаа угаар үнэртүүлэн, дуут дохио хангинуулдаг автомашин, жолооч нар ч алга. Хотын дуу чимээнд урсаж байгаа нь үл мэдэгддэг Сэлбэ голын урсгал сонсогдохуйц нам тайван өдрүүд нийслэлд болж байна.
Энэ байдлыг хараад РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ тодорхой хэмжээнд багассан болов уу гэж бодож амжсан юм. Гэхдээ үүний тухай ярихын өмнө Нарийн ширхэгт тоосонцор (Particulate matter – PM)-ын тухай товч мэдээлэл хүргэе.
Нарийн ширхэгт тоосонцор гэж юу вэ?
Эдгээр нь хүний үйл ажиллагаа болон байгалийн үзэгдлийн үр дүнд үүссэн агаар дахь хатуу тоосонцор, шингэн дусал юм гэж шинжлэх ухаанд тодорхойлжээ. Нарийн ширхэгт тоосонцрыг диаметр буюу хэмжээгээр нь РМ 2.5, РМ 10 гэж ангилан нэрлэсэн бөгөөд РМ 2.5 гэдэг нь нэг куб.метрт агуулагдаж буй 2.5 микрон ба түүнээс ч бага диаметртэй нарийн ширхэгт тоосонцор юм.
Эрдэмтдийн тогтоосноор хүний үснээс 30 болон түүнээс олон дахин бага хэмжээтэй нүдэнд үл үзэгдэх энэ тоосонцор нь ихээхэн хэмжээний хорт бодис агуулах бөгөөд агаарт удаан хугацаанд оршиж, хол нүүдэллэх чадвартай. Хүний амьсгалаар дамжин уушги болон цусны урсгалд нэвтэрч үхэлд хүргэх ч аюултай.
РМ 2.5 бол утаа биш. Өвөл, зунгүй, гадна, доторгүй биднийг хордуулна.
РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцор нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрүүд, дутуу шатсан ахуйн түлш, барилгын болон хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, тоос, хог хаягдал, шатаах, халаах зэрэг бүхий л үйл ажиллагаанаас үүдэлтэй эх үүсвэрээс үүсдэг байна. Агаар дахь хүхрийн давхар исэл (SO2), азотын оксид (Nox, NO2) гэх мэт химийн хийнүүдийн урвалын дүнд мөн РМ 2.5 үүснэ.
Асуулт – Амьсгалж буй агаарынхаа РМ 2.5-ын хэмжээгээ шалгасан уу?
iqair.com сайт руу нэвтэрч долоодугаар сарын 14-ний өдрийн 11:16 цагт буюу яг одоо Улаанбаатар хотын агаарын чанар ямар байгааг харлаа. Манай гэрийн ойролцоо буюу Бөхийн өргөөний орчимд агаарын чанарын индекс 27, “РМ 2.5” 3.8 мкг/м3 гэж зааж байна. Энэ орчимд өчигдрийн буюу бямба гаргийн 12:00 цагт “РМ 2.5” 3.4 мкг/м3 байсан бөгөөд цаг тутам хэлбэлзсээр 11:00 цагийн шинэчлэлтээр одоогийн тоонд хүрчээ.
Харин Богд хааны ордон музей орчимд агаарын чанар хамгийн муу буюу 153, “РМ 2.5” 58 мкг/м3 зааж байна.
Тайлбар – Ногоон ба улаан
Агаарын чанарын индекс “0-50” хүртэлх тоог зааж байна гэдэг нь ногоон буюу “сайн” төлөв гэсэн үг. Өөрөөр хэлбэл Бөхийн өргөө орчимд агаарын чанарын индекс 27 байгаа нь гадаа дасгал хийх, хүүхдээ салхилуулах, тоглуулах, цонхоо нээж цэвэр агаар оруулах боломжтой гэсэн үг юм.
Харин агаарын чанарын индекс “151-200” хүртэлх хэмжээнд бол улаан буюу “эрүүл бус” ангилалд багтана. Тэгэхээр Богд хааны ордон музей орчмын агаарын чанар 153-г зааж байгаа нь хүүхэд, хөгшид, эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн зүрх, уушгинд нөлөөлөх, ужиг өвчин сэдрэх магадлал илүү ихтэй гэсэн үг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ 2021 онд шинэчилсэн агаарын чанарын зөвлөмжид РМ 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын 24 цагийн дундаж хэмжээ 15 мкг/м3 байвал аюулгүй гэж заасан. Үүнээс үзвэл Бөхийн өргөө орчимд “РМ 2.5”-н хэмжээ тус байгууллагын зөвлөсөн хэмжээнд байгаа бол Богд хааны ордон музей хавийнх даруй 3,9 дахин их буюу аюулгүй түвшнийг давжээ.
Эх сурвалж: New WHO air quality guidelines will save lives, iqair.com
Харьцуулалт - Монгол хүний уушги бусдынхаас гурав дахин илүү ачаалах чадвартай юу?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2005 онд гаргаж байсан агаарын чанарын индексийн аюулгүй түвшний хэмжээг 2021 онд шинэчилсэн. Уг зөвлөмжид РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцрын нэг жилийн дундаж хэмжээ 5 мкг/м3 буюу нэг куб метр тутамд таван микрограмм байна гэсэн бол 24 цагт 15 мкг/м3 буюу нэг куб метр тутамд 15 микрограмм байх ёстой гэжээ.
Харин манай улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас боловсруулж Стандартчилал хэмжил зүйн газраас баталсан Агаарын чанар Техникийн ерөнхий шаардлага (MNS4585:2016)-д РМ 2.5 тоосонцрын нэг жилийн дундаж хэмжээ 25 мкг/м3 буюу нэг куб метр тутамд дээд тал нь 25 микрограмм байна. 24 цагийн дундаж хэмжээ 50 мкг/м3 буюу нэг куб метр тутамд дээд тал нь 50 микрограмм байна гэж заажээ.
РМ 2.5 мкг/м3 нарийн ширхэгт тоосонцрын зөвшөөрөгдөх хэмжээ |
|||
ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээ /2021 онд шинэчилсэн/ |
Монгол Улсын стандарт MNS4585:2016 |
АНУ-ын үндэсний стандарт |
|
24 цагт |
15 мкг/м3 |
50 мкг/м3 |
35 мкг/м3 |
Нэг жилд |
5 мкг/м3 |
25 мкг/м3 |
9 мкг/м3 |
Хүснэгт 1. Эх сурвалж: iqair.com, agaar.mn, ww2.arb.ca.gov-аас эшилж бэлтгэв.
Энэ хүснэгтээс харвал, монгол хүний эрүүл мэнд РМ 2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хоруу чанарыг бусад улсын хүмүүсээс 3-5 дахин илүү тэсвэрлэх чадвартай гэдэг ойлголтыг төрүүлэхээр байна.
2023 оны Дэлхийн агаарын чанарын тайланд Монгол Улсад РМ 2.5-ын жилийн дундаж агууламж 22.5 мкг/м3 гэж бүртгэгдсэн бөгөөд энэ нь ДЭМБ-ын аюулгүй түвшний заавраас 3-5 дахин давсан буюу улбар шар ангилалд багтжээ.
Эх сурвалж: World air quality report 2023
Тус тайланд манай улсын эл үзүүлэлтийг буурсан буюу амжилт гэж үзсэн ч Хүний эрхийн үндэсний комиссоос танилцуулсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-д дурдагдсан мэдээлэл үүнийг үгүйсгэж байна.
Уг илтгэлд Агаарын чанарын суурин харуулын 2024 оны 01 дүгээр сарын мэдээгээр нарийн ширхэгт тоосонцор 114 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 2.2 дахин их агууламжтай байна. Нарийн ширхэгт тоосонцрын PM2.5 жилийн дундаж агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 7 дахин их байна. Агаар бохирдуулагч бодисуудыг улирлын явцаар авч үзвэл тоос, тоосонцор нь хүйтний улиралд нүүрсний шаталтаас, дулааны улиралд сул шороо, авто зам, барилгын болон замын ажил зэргээс үүсдэг тул жилийн бүх улиралд агаарын чанарын стандартаас давсан байна гэжээ.
Улсын хэмжээнд 2023 оны байдлаар нийт 44 агаарын чанарыг хянах хяналтын төхөөрөмж, үүнээс 19 нь Улаанбаатар хотод байрладаг иж бүрэн автомат ажиллагаатай систем аж.
Асуудал: РМ 2.5-н хөнөөл
Өнөөдөр нийтийн дунд РМ 2.5 тоосонцор болон үүний хорт чанарын тухай ойлголт хангалттай бус байна. Гэвч 10 жилийн өмнө монгол болон олон улсын судлаачид хамтран судалгаа хийж уг тоосонцор хүний эрүүл мэндэд хөнөөл үзүүлж байгааг тодорхой гаргаж байжээ.
2024 онд хийсэн судалгаанаас:
“Хот суурин газрын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа”-нд “Улаанбаатар хотын хүн амын дунд нарийн ширхэгт тоосонцроос (PM2.5) үүдсэн өвчлөл нэлээд хувийг эзэлдэг бөгөөд түүний өртөлтийн жилийн дундаж хэмжээ нь 70 мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушгины хатгалгаа (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 130 тохиолдол), насанд хүрэгчдийн зүрх судасны өвчлөл (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 1440 тохиолдол) зэрэг эмгэгүүд тэргүүлж байна” гэжээ.
2021 онд хийсэн судалгаанаас:
“Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” судалгаагаар уушгины хатгалгааны 18, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.3, зүрхний шигдээс өвчний 31.4, тархины судасны өвчний 31 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоожээ. Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна.
Агаарын бохирдлын нөлөөнд 65-аас дээш насны өндөр настан, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг, суурь өвчтэй хүмүүс илүү өртдөг. Монголд жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаа бөгөөд үүний 240 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байгаа бөгөөд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна гэжээ.
Бохирдуулах бодисын нэр |
MNS 4585:2016 стандартын 24 цагийн хүлцэх агууламж мкг/м3 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|||||||
11 сар |
12 сар |
01 сар |
02 сар |
||||||
2022 он |
2023 он |
2022 он |
2023 он |
2023 он |
2024 он |
2023 он |
2024 он |
||
РМ 2.5 тоосонцор |
50 |
55 |
58 |
103 |
98 |
110 |
114 |
70 |
81 |
Хүснэгт 2. Эх сурвалж: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлээс эшилж бэлтгэв.
Улаанбаатар хотын агаар дахь РМ 2.5-ын хэмжээ нэг нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн томуу, уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо 15 хувиар нэмэгддэг. Харин РМ 2.5-ын агууламж 200 мкг/м3-ээр буурахад хүйтний улирлын амьсгал, зүрх, судасны шалтгаант нас баралтыг 28 хувиар бууруулах боломжтойг судалгаагаар тогтоосныг тус илтгэлд дурдсан байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай өсөж, 10 мянган хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдол 2.7 дахин нэмэгджээ.
РМ 2.5 бол утаа биш. Өвөл, зунгүй, гадна, доторгүй биднийг хордуулна.
РМ 2.5 нарийн ширхэгт тоосонцорыг Монгол Улсад хэрхэн хэмждэг, ямар үр дүн гардаг талаар болон үүний аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай дараагийн цувралуудаар хүргэх болно.
Зүүлт: Энэхүү бүтээлийг Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр (EJFP)-ийн нэг үр дүн болгон бэлтгэсэн болно. EJFP хөтөлбөрийг Breathe Mongolia - Clean Air Coalition болон Green Dot Climate төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Internews-ийн Earth Journalism Network санхүүжүүлж байна. Энэхүү бүтээлийн агуулга ба илэрхийлсэн санаа бүхэлдээ сэтгүүлчийнх бөгөөд EJFP хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч байгууллагууд агуулга болон санааг хуваалцах албагүй.
Reference: This piece was produced as part of the journalist’s participation in the Environmental Journalism Fellowship Program (EJFP). EJFP is being implemented by the non-profits, Breathe Mongolia - Clean Air Coalition and Green Dot Climate in partnership with the Green Planet Club of environmental journalists at the Press Institute of Mongolia. The Program is funded by the implementers, the U.S. Embassy in Mongolia, and Internews’ Earth Journalism Network with the support of the Swedish International Development Cooperation Agency (Sida). Responsibility for the piece rests entirely with the journalist. EJFP’s implementers and funders do not necessarily share the expressed views and interpretations.