Зураг -1. Энэхүү зургийг хиймэл оюун ашиглаж бүтээсэн болно.
“Бороо ороосой, бороо ордоггүй ээ, бороо л хэрэгтэй байна, бороо...” энэ зун малчид ийм үгсийг л хамгийн олон хэллээ. Зуны адаг сар удахгүй дуусахад долоо хүрэхгүй хоног үлдсэн ч ногоо, бороо үзсэнгүй ягаан газар, “яаж өвөлжинө өө” гэж халагласан малчид л байна, хөдөөгүүр. Зуншлага гайгүй гарсан багахан газартаа хаяа дэрлэн бууж, нүүж суусаар зуныг барж байна. Намрыг ийнхүү аргацааж үдлээ гэхэд ирэх өвөл, хавар хэрхэх вэ гэдэг асуулт малчдын сэтгэлийн зовлон болоод байгаа юм.
Монгол Улсын нийт бэлчээрийн 22.6 хувь буюу 24.9 сая га газар доройтсон гэдэг судалгаа бий. Бороо ороод ч ногоо ургахгүй, сэргэхгүй болж доройтсон газрыг яах вэ, ашиглахгүй хаяад тойроод нүүгээд байх уу гэдэг асуудал манай орны бүх суманд тулгарч байна. Тэгвэл бэлчээрийн зохистой ашиглалт, бэлчээрийг сайжруулах аргын тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Ингэхдээ монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг бэхжүүлэх зорилготой төсөл АДАПТ төслийн үр дүнтэй санал, санаачилгуудаас хуваалцах болно. Тус төслийн хүрээнд 2021–2028 оны хугацаанд 3200 га талбайд хадлан тэжээлийн нөөц газар бүрдүүлэх, бэлчээр сэлгэх, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх зэрэг менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас бэлчээрийн доройтолд өртөх эрсдэл ихтэй Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт тус төсөл хэрэгжиж буй юм. Бэлчээрийн талхагдлын улмаас өвс тэжээлийн нөөц багасаж мал давжаарах, мах, ноос, ноолуурын гарц муудах, өвлийг өнтэй давахад хүндрэлтэй болсон тул бэлчээр сэргэлт хийж өрхийн хэмжээнд малын хөлийн бууцанд хошуу будаа тарьж тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн аймгийн хэмжээнд нийт 23 бэлчээрийн менежментийн ажлыг зохион байгуулж байна.
Төслийн бэлчээрийн зөвлөх, доктор Ж.Ундармаа “Мал аж ахуйн бүтээмж буурч байгаа нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй мал аж ахуйн тууштай хөгжлийг хязгаарлахын дээр мал бэлчээхээс өөрөөр ашиглах боломжгүй уудам нутгийг эзэнтэй байлгаж ирсэн уламжлалт аж ахуй, соёлын өв устах аюулыг дагуулж байна” гэж онцолсон.
Бэлчээрийн доройтлыг бага, дунд, хүчтэй гэж ангилдаг. Дунд болон хүчтэй доройтсон бэлчээр, хадланг сайжруулахад судалгаа шинжилгээ, хөрөнгө мөнгө, хүн хүч, цаг хугацаа их шаардлагатай. Адапт төслийнхөн бэлчээр нь хүчтэй доройтсон Ховд аймгийн Булган, Дөргөн, Мөнххайрхан, Чандмань сумын 40 га талбайд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт 20 га талбайд саман ерхөг, шар царгас тариалж байна. Эдгээр нь малд идэмжит бөгөөд хөрсөнд ээлтэй ургамал.
Харин Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт бага хэмжээнд доройтсон бэлчээрийг хашиж хамгаалан нөхөн сэргэх боломжтой 20 га талбайд хадлан тэжээлийн нөөц газар бүрдүүлжээ. Завхан аймагт 100 га талбайд хандлан тэжээлийн нөөц газар бүрдүүлж, Цэцэн-Уул сумын нутагт хоёр га талбайд элсний нүүдлээс хамгаалах зурвас ой байгуулахаар ажиллаж байгаа аж. Бага доройтсон бэлчээрийг тордон түргэн хугацаанд сэргээгээд малчдад нэн хэрэгтэй зүйлсийг бий болгосон байна.
Тэрчлэн Хустайн байгалийн цогцолборт газрын бүсэд оршин суудаг Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумын 60 малчин төслийн багийнхантай хамтран хүчтэй доройтсон бэлчээрт тухайн бүс нутгийн олон наст ургамлын үрийг гараар тарьжээ. 2022 оны зургаадугаар сард тарьсан ургамал 2024 оны наймдугаар сард бүрэн ургаж гүйцсэн бөгөөд үр дүнтэй ажил болсныг төслийн зөвлөх, доктор Ж.Ундармаа онцолж байлаа. Мөн тэд өргөн уудам бэлчээрт гараар үр цацаж тариалах нь хязгаарлагдмал учир үрлэгчийг зохион бүтээж хөрсийг гэмтээхгүйгээр тариалах аргыг боловсруулж буй ажээ.
Бэлчээрийн менежмент, бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх, ургамал тариалах гэдэг зүйл манай малчдад хол мэт санагдсан хэвээр байгаа. Бэлчээрийг зохистой ашиглах нь уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд өртөмхий байдлыг бууруулах хамгийн чухал гэдгийг хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд онцолдог бөгөөд үндсэн таван аргыг тодорхойлсон байдаг.
Зураг-2
Гэвч өнөө цагийн малчид эдгээр аргуудыг хэрэгжүүлэх нь багасжээ. Энэ нь цаг уурын онцлог, нөхцөл, малчид хангалттай мэдлэггүй байдал зэргээс гадна орон нутагт бэлчээр хариуцсан мэргэжлийн хүн байхгүйтэй холбоотой нь Адапт төслийн судалгаанаас тодорхой болжээ. Тухайлбал, Бэлчээрийн менежмент нь ашиглалтаас гадна сайжруулалтаас бүрддэг тул бэлчээр сайжруулах аргын талаар малчдаас асуулга авахад 33 хувь нь мэдэхгүй, 50 хувь нь сайжруулах аргаа мэддэг боловч зардал мөнгө хүрэлцдэггүй, 17 хувь нь сайжруулах шаардлагагүй бороо орвол аясаараа сэргэнэ гэж хариулжээ. Бүхий л аж амьдрал нь бэлчээр дээр тогтож буй гэж хэлж болохуйц манай улсын сум, дүүргүүдэд бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг өөр мэргэжлийн хүн хийх эсвэл энэ албыг залгуулах хүн олдохгүй сандал нь хоосон байгаа нь үүнд нөлөөлж байна.
Зураг-3
Энэ зун зарим нутагт царцаа эрт гарч, ихсэж байгаагийн шалтгааныг мэдэх, тайлбарлах малчин цөөхөн байлаа. Эрт намар болох нь гэдэг үгийг л хэлцгээж байв. Зарим малын шар, хөх бууцыг хогийн цэг рүү аваачиж асгадаг, зарим нь овоолоод орхисон байдаг. Хавар хөрсний чийг, орой орсон цасны мөрөөр жаахан ногоон толгой цухуйж эхлэв үү, үгүй юу бүгд л малаа оруулчихдаг. Тэгээд ургасан ч зүйлгүй, идсэн ч юмгүй талхлаад орхино. Монгол Улс нүүдлийн мал аж ахуйн соёл уламжлал, амьдралаа авч үлдэнэ гэвэл малчдадаа шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг зааж зөвлөх, сургаж тайлбарлах хэрэгцээ шаардлага асар их байна. Хэрэв хэлбэл, заавал хамгийн сайн ухамсарлаж, хэрэгжүүлэх хүмүүс тэд.
Тэдэнд хөх бууцаар хавар, намрын улиралд хөрсөө бордож ашиглавал хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, бэлчээрээ, хадлангийн талбайгаа нөхөн сэргээх, даацыг сайжруулах хамгийн хүртээмжтэй, хамгийн үр дүнтэй бордоо, боломж гэдгийг хэлж өгөх. Зуны бэлчээрийг хэнзлүүлж, хаврын бэлчээрийг чөлөөлж 15-21 хоног хүлээж байгаад малаа бэлчээвэл ургамлаа хамгаалж чадна гэдгийг, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас асар их сорилт ирэх ч дасан зохицох даван туулах боломжийг нь шинжлэх ухаанчаар тайлбарлаад өгөх анхаарал хэрэгтэй байна. Хамгийн сайн бордоо хотонд нь байгааг, хамгийн сайн дасан зохицогч даван туулагч нь өөрсдөө гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр МУ-ын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд “УАӨ-ийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Бэлчээрийн тогтвортой менежмент, сайн туршлагыг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй монгол малчид” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.