Эх сурвалж: ХЗДХЯ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр (2025.08.14) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Ван Сяохунаас баяр хүргэж илгээсэн хүндэтгэлийн захиа болон энэ оны есдүгээр сард зохион байгуулагдах Дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны олон улсын чуулга уулзалтад оролцох урилгыг уламжлан гардуулсан байна. Л.Мөнхбаатар сайд хариу талархал илэрхийлээд “Өнөө цагийн нийгмийн аюулгүй байдалтай холбогдон үүсэж байгаа сорилт бэрхшээлүүдийг хамтын хүчин чармайлт, түншлэлээр даван туулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой дээрх чуулга уулзалтад оролцоно” гэдгээ мэдэгджээ.
Цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээ, кибер орчинд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд БНХАУ-аас туршлага судалж, хамтран ажиллах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс илэрхийлсэн байна. Улмаар элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн салбарт сүүлийн үед хэрэгжүүлж буй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэж буй ажлуудыг сайшааж, дээрх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлжээ.