Гурван аймагт асаж буй зургаан түймрийг унтраахаар ажиллаж байна
Гурван аймагт асаж буй зургаан түймрийг унтраахаар ажиллаж байна

Эх сурвалж: ОБЕГ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.06/ 15:00 цагийн байдлаар ойн зургаан түймэртэй байна гэж мэдээллээ. Ойн түймрийн гурвыг цурамд оруулж, гурвыг нь хяналтад авч, цурамд оруулахаар онцгой байдлын байгууллагын 227 алба хаагч, мэргэжлийн ангийн 72 хүн 21 автомашин, нэг нисдэг тэрэг, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хоёр, Увс аймгийн Сагил суманд нэг түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул, Баян-Өлгий аймгийн Булган суманд тус бүрд нэг гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хоногт /2025.08.05/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Элээтийн ам”, Хүдэр сумын “Шоргоолжийн өндөр”, Мандал сумын “Гуртын уулын хойд тал”, Дорнод аймгийн Халхгол сумын “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан ойн дөрвөн түймрийг бүрэн унтрааж, гурвыг цурамд оруулжээ.

Он гарсаар өнөөдрийн байдлаар 15 аймгийн 73 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 216 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ онд бүртгэгдсэн түймрийн 54.9 хувийг иргэдээс өгсөн дуудлага, мэдээллээр, 40.9 хувийг сансраас гал түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 4.2 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллажээ.