Эгчдээ, дүүдээ илгээсэн мэт дулаахан хайрцаг
Эгчдээ, дүүдээ илгээсэн мэт дулаахан хайрцаг

Малчин эмэгтэй. Дорноговь аймаг Иххэт сум. 2024.07.05

Эл сурвалжилгад хавсаргасан гэрэл зураг, бичлэг бүгд эх сурвалжийн зөвшөөрөлтэй болно.

Толь, саван, оо сойз, гарын алчуур, оймс, дотуур хувцас, ариун цэврийн хэрэглэл ... ээждээ, эгчдээ эсвэл охин дүүдээ зориулж байгаа юм шиг ойрхон, дулаан сэтгэгдэл төрүүлэх эд зүйлс. НҮБ-ын Хүн амын сангаас малчин эмэгтэйчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн багцын дөрвөлжин цагаан хайрцаг ийм зүйлсээр дүүрсэн байв. Тэдний мэргэжилтнүүд хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлсийг судалж эл багцыг бэлтгэжээ. 

6 НҮБ-ын Хүн амын сангийнхны бэлтгэн хүмүүнлэгийн тусламжийн хайрцаг дахь зарим зүйл

Зун цаг ирж зарим хүн зуд болсныг мартсан энэ үед НҮБ-ын Хүн амын сан болон Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл говийн гурван аймгийн 12 суманд ажиллаж зудын гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламжийг хүргэлээ. 

4 НҮБ-ын Хүн амын сан болон Онцгой байдлын байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг орон нутагт ажиллав. 

Багийнхан Дундговь аймгийн Адаацаг, Цагаандэлгэр, Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дорноговийн Даланжаргалан, Айраг, Сайншанд, Өргөн, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт суманд ажиллахад бороо хуртай дэлгэр цагийн өнгө, малын хамар хатгах өвсгүй цагаан тал аль алинтай нь таарч явав. Орон нутгийн удирдлагууд ажлын багийнхантай уулзах үеэрээ ирэх өвөл, хаврыг эрсдэл багатай давахын тулд эртнээс хашаа хороо, өвс тэжээлээ бэлтгэж, зудын аюулаас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарахыг малчдадаа захиж, сэрэмжлүүлж байгаа гэж ярьж байлаа. 

11 Орон нутгийн удирдлагууд болон иргэдэд мэдээлэл өгч, санал солилцох уулзалт. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум

Халиурсан ногоотой Дэлгэрэхийн уудам талд бэлчих мал цөөхөн байгаа нь 249 мянган толгой малаас 166 мянгыг нь зудад алдсаных аж. 521 малчин өрхтэйгөөс зудад малаа алдаагүй айл гэж байхгүй. 2000 малтай малчин 200 малтай үлдсэн гэж сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.Буяннэмэх хэлж байсан юм. 

Хүүхдүүдийн хамт амьдардаг, Цагаан хад нэгдүгээр багийн малчин эмэгтэй М.Натартай зудыг хэрхэн давсан болон өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

                                                     

Гамшиг, онцгой нөхцөл байдлын эрсдэлд өртсөн хүмүүсийн бэрхшээл, зүдгүүрийг нимгэлэх, арилгахад хувь нэмэр оруулж буй аливаа төрлийн тусламжийг хүмүүнлэгийн гэж тодотгодог. Энэ удаагийн хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс дахь НҮБ-аас малчдадаа туслах, тэр тусмаа малчин эмэгтэйчүүдийг дэмжих төсөл бичиж дэмжүүлж чадсаны учир энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсан гэсэн үг. 

3 Малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүрэв. 

Улмаар зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл мэндийн багц хүргэх, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийн товхимол өгөх, санал бодлыг нь сонсох үүрэг бүхий хүмүүс НҮБ-ын донор орнуудын сэтгэл шингэсэн ойр дотно мэдрэмж төрүүлсэн тусламжийн багцыг хүргэсэн билээ. 

                                                           

НҮБ-ын Хүн амын сангаас өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгсэл, бүтээгдэхүүн бүхий багцийг орон нутагт хүргэж эхэлжээ. Харин энэ удаа малчин эмэгтэйчүүдээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламжийн гараа сунгаж явлаа.

2 Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүрэв.

Гамшгийн үеэр охид, эмэгтэйчүүд эрсдэлд өртөх магадлал өндөр гэдгийг олон улсын судалгааны дүнгүүд нотолдог. Тиймдээ ч зудад мал ахуйгаа алдаж сэтгэл зүйн асуудалтай тулгарч буй малчин эмэгтэйчүүдэд анхаарч, санаа бодлыг нь хуваалцаж тайвшруулах, тэдний сэтгэл зүйн боловсролыг дэмжих, мэдлэг олгох, аливаа хүчирхийлэл эрсдэлээс хамгаалах “Аюулгүй орчин”-г орон нутагт байгуулахаар мэргэжилтэн судалгаа хийж явсан юм.

Малчин хүний сэтгэл зүй тэр өдрийн тэнгэрийн араншин, мал ахуйнхаа төлөв байдалд захирагдаж байдаг онцлогтой тул зудад малаа алдаж, хотоо харлуулсан хүмүүсийн сэтгэл зүйг үгээр онож илэрхийлэхэд бэрх. 

                                                         

Нэг өсгөж болсон юм дахиад л малаа өсгөнө дөө. Малаа маллаж л амьдарна гэж эрс шулуун хэлэх бүсгүйчүүд олон таарлаа. Эрс тэс дөрвөн цагийн эргэлтэд амьдарч дадсан тэдний бодол эрмэг цэх байгаа ч өнгөрсөн өвөл, хаврын нүдгүй шуурга, хөлгүй цас сэтгэлд нь дараатай байгааг нүдний харц, хоолойн өнгө нь илтгэнэ. 

14 Малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүрэв. 

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн давтамж нэмэгдэж байна. Дэлхийн сүүлчийн нүүдэлчид уламжлалт амьдралтайгаа тэсэж үлдэхийн тулд мэдлэгээ зузаалж, ухаанаа уралдуулах цаг нэгэнт иржээ. Ган, зудын гамшгаас үүсэх эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хохирол багатай даван туулах төлөвлөгөө гаргаж ухаалгаар дасан зохицох монгол гарц гаргалгааг тодорхойлох шаардлага тулгарчээ. Гэвч энэ нь мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна хэмээн Үндсэн хуульдаа бичсэн монгол оронд дан ганц малчдын нуруу дээрээ үүрэх ачаа биш билээ.

16 Малчид

Эзэнгүй өвөлжөөний ойролцоо, замын хажууд барайх сэг зэм өнгөрснийг гэрчилж, магадгүй ирэх цагийн сэрэмжийг сануулна. Зарим малчин сум, аймаг дамнан оторт явжээ. Үлдсэн хэдэн малаа аваад нүүсэн гэсээр настай голдуу хүн охиныхоо, бэрийнхээ багцыг авахаар ирэхтэй цөөнгүй таарлаа. 

3 Малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүрэв. 

Дундуур явахад сунгасан гар, дэвссэн сэтгэлтэй таарах сайхан. Зудын гамшгийн хор нөлөөг их, бага хэмжээгээр амсаж, бие, сэтгэл зүйгээрээ даван туулж байгаа говийн малчин эмэгтэйчүүдэд шүгэлтэй, тольтой багц дотно нэгэн нь илгээсэн мэт дулаахан байсан болов уу. 

2 Малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүрэв. 

12  Малчин эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүрэв.