Гамшигт өртсөн малчин өрх болон зорилтот бүлгийн иргэдэд НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж хүргэлээ.
Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайншанд, Өргөн, Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумын зудын гамшигт өртсөн малчин өрх болон зорилтот бүлгийн иргэдэд НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж хүргэлээ.
Зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл мэндийн багц хүргэх, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийн товхимол өгөх, санал бодлыг нь сонсох үүрэг бүхий НҮБ-ын Хүн амын сан болон Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл энэ сарын 3-5-ны өдрүүдэд тухайн сумдад ажилласан юм.
Хүмүүнлэгийн тусламж хүргэх багийнхан Алтанширээ сумын удирдлагуудтай уулзаж санал солилцов. 2024.07.04
Тус аймагт сүүлийн 40 жилийн хугацаанд тохиогоогүй их хэмжээний цас орж өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас 580 мянга гаруй мал хорогдож, 14 сумын 547 өрх малынхаа 70-аас дээш хувийг алдаж, 55 айл огт малгүй болжээ. Улмаар НҮБ, олон улсын байгууллагууд болон хувийн хэвшил зэргээс 10.4 тэрбум төгрөгийн хандив тусламжийг зудын гамшгийн үеэр болон дараа нь малчдад өгсөн гэдгийг аймгийн удирдлагууд тодотгож байлаа.
Хүмүүнлэгийн тусламж хүргэх багийнхан Дорноговь аймгийн удирдлагуудтай уулзаж санал солилцов. 2024.07.03
Энэ удаагийн хүмүүнлэгийн тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй. Зорилтот бүлгийн иргэнд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн олон төрлийн живх нь байнгын асаргаа шаардлагатай хүмүүст хамгийн хэрэгцээтэй зүйл гэдгийг Алтанширээ сумын нэгдүгээр багийн иргэн Ю.Буяннэмэх онцолж байв. Тэрбээр 87 настай ээжийгээ асардаг байна.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нэгдүгээр багийн иргэн Ю.Буяннэмэх 2024.07.04
Сумын ЗДТГ-ын дарга М.Баасанжав “Малчдад туслахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүмүүст дэмжлэг үзүүлж байгаад талархлаа. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн багц нь хүлээж авсан айл өрх, эмэгтэйчүүдэд тусламж, хэрэгцээ болохоос гадна дараагийн удаа бид ийм зүйлийг бэлтгэж бэлэн байдалд хадгалж байх нь зүйтэй гэдэг туршлага, мэдлэгийг өгөхөөр нөлөөллийн ажил юм байна. Ер нь зудад малаа алдаад төв бараадаж байгаа малчдын тэр тусмаа эмэгтэйчүүдийн сэтгэл зүй хүнд байна. Бид өөрсдийн нөөц бололцоогоороо дэмжиж, хамтран ажиллаж байна” гэж ярилаа.
Сумын ЗДТГ-ын дарга М.Баасанжав. Алтанширээ сум, 2024.07.04
Малчин эмэгтэйчүүд тусламжийн багцаа хүлээж авав. Дэлгэрэх сум, 2024.07.04
НҮБ-ын Хүн амын сангаас охид, эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл ахуй, ариун цэврийн багц хүргэлээ. Айраг сум, 2024.07.03