Гэрэл зургийг: Focus.mn баримтыг фокуслана
Монгол Улсын парламентийн түүхэнд анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдлоо. Энэ бол Монголын төр, олон улсын болон Монголын хүний эрх, иргэний нийгмийн байгууллагуудын олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн гэж хэлж болно. Дээрх төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын олон жилийн идэвх зүтгэл, тууштай байдлын үр дүнд жендэрийн эрх тэгш байдал, хэвшмэл ойлголтын тухай мэдлэг ойлголт багатай байсан Монголчууд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо их байх нь улс орны хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, Үндсэн хууль, Сонгуулийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмж чадлаа.
Өнгөрсөн дөрвөн жил УИХ-д 13 эмэгтэй гишүүнтэй буюу нийт гишүүдийн 17.1 хувийг эзэлж байсан нь хамгийн дээд үзүүлэлт байлаа. Харин 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, нэр дэвшүүлэх жендэрийн квотыг 30 хувиар хуульчилж, жагсаалтад эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг сөөлжүүлэх байршуулсан нь чухал алхам болов. Үүний үр дүнд шинэ парламентад тойргоос 8, жагсаалтаар 24 эмэгтэй гишүүн сонгогдсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байна.
Тодруулбал, эмэгтэй гишүүдийн парламентад эзлэх хувь 25-д хүрсэн нь Азийн дундаж 21.2 хувиас 4.2 хувиар давж, Дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхсөн төдийгүй, өмнөх сонгуулийн үр дүнгээс даруй 8.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Одоогоор парламент дахь эмэгтэйчүүдийн үзүүлэлтээр Монгол Улс 34 байр урагшилж, 96-д эрэмбэлэгдэх болзлыг хангаад байна гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: Жендэрийн үндэсний хороо
Харин шинээр сонгогдсон 32 эмэгтэй гишүүний олонх нь жагсаалтаар орж ирсэн олон нийтэд төдийлөн танигдаж амжаагүй шинэ улстөрчид. Ирэх дөрвөн жилд тэдний хэрхэн ажиллахаас олон зүйл шалтгаална. Хэдийгээр эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад нэмэгдэх хууль эрх зүйн орчин бүрдсэн ч олон нийтийн дунд жендэрийн хэвшмэл ойлголт их хэвээр байна. Энэ хэвшмэл ойлголтыг таслан зогсоож, нийгэмд манлайлал үзүүлж чадах эмэгтэй гишүүдийн дуу хоолой хэрэгтэй.
Тэднийг жендэрийн хэвшмэл ойлголтод цэг тавьж, хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг халж чадах эмэгтэй гишүүдийн шинэ үе хэмээн итгэж байна.