07 сарын 01, 2024
СЕХ-ноос шинээр сонгогдсон 126 гишүүнд үнэмлэх олгоно
СЕХ-ноос шинээр сонгогдсон 126 гишүүнд үнэмлэх олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.

Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтлоо. Иймээс өнөөдөр 14 цагаас Төрийн ордны их танхимд шинээр сонгогдсон 126 нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олгох юм байна.