УИХ-ын ээлжит сонгууль эхэллээ.
Монгол Улсын Их Хуралд холимог тогтолцоогоор 126 гишүүнийг анх удаа сонгох сонгуулийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр өглөө 07:00 цагаас албан ёсоор эхэллээ.
Ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшсэн нийт 1341 нэр дэвшигч үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дууссан. Тэдний 61.3 хувь нь эрэгтэй, 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь хуульд заасан хүйсийн харьцааг хангаж байна.
Одоогоор гадаад улсад байгаа иргэдээс 13095 сонгогч бүртгүүлж, санал авах ажиллагааг анх удаа 4 өдөр зохион байгууллаа. Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 74.53 хувь нь саналаа өгчээ.
2024 оны ээлжит сонгуулиар сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.224.233 иргэн саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.143.172 нь орон нутагт, 1.081.061 нь нийслэлийн сонгогчид байна. Эдгээрээс 16.259 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасны дагуу өчигдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд батлагдсан хуваарийн дагуу саналыг нь авч дуусаад байна.
Сонгогчийн ирц, санал хураалтын дүнг шууд дамжуулахаар Монгол Улсын алслагдсан хэсэгт байрлаж буй хэсгийн хороодод 410 (старлинк) интернэтийн сүлжээний төхөөрөмж байршуулж бэлтгэжээ.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгууль зохион байгуулах бүхий л үйл явцыг сонгуульд оролцогч талууд, ажиглагч, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй зохион байгуулан ажиллаж байна. Сонгогчийн саналыг 2943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулж, дүн гаргах бөгөөд энэ удаагийн сонгуулийн бас нэгэн онцлог бол бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллого хийх энэхүү ажиллагааг хяналтын камерын дор зохион байгуулах бөгөөд үүнд нам эвслийн 30,000 гаруй ажиглагчид биечлэн оролцож шууд хяналт, ажиглалт хийнэ.
Энэ удаагийн сонгуулийг нам эвсэл, гадаадын 259, дотоодын 30,000 гаруй ажиглагч ажиглаж, олон улсын 12 агентлаг, дотоодын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.