"Хү” хамтлаг анх удаа эх орондоо бүрэн хэмжээний тоглолт хийнэ.
Монгол Улсын Төрийн далбааны өдөр буюу ирэх долоодугаар сарын 10-нд "Хү” хамтлаг анх удаа эх орондоо бүрэн хэмжээний тоглолт хийхээр болсон. Өнөөдөр тус хамтлагийн тоглолтын талаар мэдээлэл өглөө. “Хү” хамтлагийн ахлагч Ц.Галбадрах “Дэлхийн томоохон хөгжмийн наадмуудад анх тоглоход биднийг олон жил сонссон юм шиг хүлээж авч байсан. Европ, Америк, Австрали, Өмнөд Америк, Азийн орноор 350 гаруй фестивальд оролцлоо. Эх орондоо задгай талбайд анх удаа тоглохдоо “Аянгын нүргээн”, “Гэрэг” цомгийн бүх шилдэг уран бүтээлээ толилуулна” гэлээ.
Мөн тоглолтын тайзыг үндэсний өв соёл, язгуур урлагийг харуулсан шийдэлтэй, үзэгчдэд тав тухтай байхад анхаарч байгаа аж.
Тоглолт Шангри-Ла зочид буудлын баруун талын "Hit" паркт 18:00 цагаас эхлэх бөгөөд энгийн тасалбар 99 мянга, "Fan zone" тасалбар 600 мянга, "VIP" тасалбар хоёр сая төгрөгийн үнэтэй юм байна.