УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль 2024.06.28-нд болно.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүд, Тамгын газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23.500 гаруй, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12.000 гаруй албан хаагч, Онцгой байдлын 100 гаруй албан хаагч, нийтдээ 40 шахам мянган төрийн албан хаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, сонгуулийн санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болжээ.
Гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авахаар цахимаар бүртгэсний үр дүнд 13095 сонгогч бүртгүүлж, санал авах ажиллагааг анх удаа дөрвөн өдөр зохион байгууллаа.
Гадаад улсаас саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 74.53 хувь нь саналаа өгчээ.
Гадаад улсад байгаа зарим сонгогч сонгох эрхээ эдэлж 500-1000 км явж саналаа өгсөн байна.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.224.233 иргэн саналаа өгнө.
Нийт сонгогчийн 1.143.172 нь орон нутагт, 1.081.061 нь нийслэлд байна.
16.259 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд батлагдсан хуваарийн дагуу саналыг нь авав.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгууль зохион байгуулах бүхий л үйл явцыг сонгуульд оролцогч талууд, ажиглагч, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд ашиглагдах бүх санал тоолох төхөөрөмж болон саналын хуудсыг нам, эвсэл, төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн нээлтэй оролцоотойгоор шалган туршиж, баталгаажууллаа.
Хяналтын тооллого хийх ажиллагааг хяналтын камерын дор зохион байгуулах бөгөөд үүнд нам эвслийн 30,000 гаруй ажиглагч биечлэн оролцож шууд хяналт, ажиглалт хийнэ.
Энэ удаагийн сонгуулийг нам эвсэл, гадаадын 259, дотоодын 30,000 гаруй ажиглагч ажиглаж, олон улсын 12 агентлаг, дотоодын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилна.
Хэсгийн хороод дээр байгаа цаасан болон цахим нэрийн жагсаалтыг сонгуулийн дараа тулгана. Эндээс нэр давхцах, хасагдах гээд эргэлзээтэй асуудал бүрэн арилна. Сонгуультай холбоотой бодит туршилтыг хийсэн.
Сонгуулийн автоматжуулсан машиныг зөөвөрлөх, аюулгүй байдлыг хангахад дэвшилтэд техник төхөөрөмж ашиглаж байгааг цагдаагийн байгууллагын төлөөлөл онцолсон бол сонгуулийн сурталчилгааны 17 хоногт ямар нэг ноцтой зөрчил илрээгүй.
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдод хандаж уриалга гаргав.