Гадаадын ажиглагчид сонгуулийн тухай юу хэлэв?
Гадаадын ажиглагчид сонгуулийн тухай юу хэлэв?

Гэрэл зургуудын эх сурвалж: СЕХ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглах гадаад улсын зарим төлөөлөгчтэй өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран болон холбогдох албаны хүмүүс хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтад Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нарийн бичгийн дарга Инсик Жан, Казахстан Улсын Сонгуулийн төв комиссын гишүүн Асылбек Смагулов, Узбекистан Улсын Сонгуулийн төв комиссын дарга Зайниддин Низамходжаев, Киргиз Улсын Сонгууль, ардчилсан санал асуулга зохион байгуулах төв комиссын дэд дарга Айсулуу Букамбаева, Филиппин улсын Сонгуулийн төв комиссын Аймээ П.Фэролино, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Александр Борисович Курдюмов болон бусад улсын төлөөлөгч оролцсон юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Ардчилсан сонгуулийн стандартыг мөрдөхөд олон улсын болоод дотоодын ажиглагчдын асуудал маш чухлаар тавигддаг. Тиймээс өнөөдөр сонгуулиа өөрийн улс төдийгүй олон улсад, дэлхий нийтэд нээлттэй, ил тод явуулахын тулд гадаадын ажиглагчдыг урьж байна. Бидний хувьд тэдгээр ажиглагчийг чөлөөтэй ажиллах бололцоогоор хангах үйл ажиллагааг бүх шатанд зохион байгуулж байна. Гаднын ажиглагчидтай хамтран ажиллана гэдэг бол харилцан туршлага судалдаг, шинэ арга технологиудыг нэвтрүүлэхэд маш ач холбогдолтой байдаг. Олон улсын байгууллагуудын ажиглалт, ялангуяа ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас өргөн хүрээнд ажиглалт, мониторинг хийж үүнийхээ дүнд зөвлөмж, тайлан гаргадаг. Тэдэнтэй байнга хамтран ажиллаж гаргасан зөвлөмж, дүгнэлтүүдийг нь сонгуулийг ардчилсан, нээлттэй, ил тод явуулах, хууль тогтоомжийг байнга боловсронгуй болгоход харгалзан үзэж байдаг юм” гэж ярилаа.

songuuli_2_tal_0 Зүүн гар талаас Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нарийн бичгийн дарга Инсик Жан, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран уулзалтын үеэр. 2024.06.27

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нарийн бичгийн дарга Инсик Жан “Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуульд гадаадад байгаа иргэдээ оролцуулж саналыг нь авсан нь тэдний сонгох эрхийг нээсэн төдийгүй улс орон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хариуцлагатай хандсан явдал болжээ. Манай холбоо 120 гишүүн оронтой тэдний 100 орчимд нь сонгууль болж байна. Маргааш сонгуулийн үйл ажиллагааг ажиглаад өөрт төрсөн санал сэтгэгдлээ гишүүн орнуудтайгаа хуваалцана гэж бодож байна. Бидний хувьд Монгол Улстай хамтран ажиллахад таатай байдаг” хэмээн онцолсон юм.

Филиппин улсын Сонгуулийн төв хорооны гишүүн Аймэ П.Фэролино “Манай хоёр улс сонгуулийн үйл ажиллагаандаа ижил төрлийн техник төхөөрөмж ашигладаг. Мөн санал хураахаас бүтэн өдрийн өмнө сонгуулийн сурталчилгааны ажлыг хааж буй нь манай улстай адилхан байна. Бид гурвуулаа яваа бөгөөд Улаанбаатар хотод анх удаа ирж буй. Өнөөдөр УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааны нэг хэсэг явагдаж сонгогчдын саналыг зөөврийн хайрцгаар авч байгаа мэдээлэл маш сонирхолтой байна. Учир нь би улсынхаа сонгуулийн байгууллагад эмзэг бүлгийн сонгогчдын асуудлыг хариуцан ажилладаг юм” хэмээв.  

hoyor_taliin_u_philp Филиппин улсын Сонгуулийн төв хорооны гишүүн Аймэ Д.Фэролино, уулзалтын үеэр. 2024.06.27

Узбекистан улсын Сонгуулийн төв комиссын дарга Зайниддин Низамходжаев  “Ирэх 10 дугаар сард манай улсын парламентын сонгууль болно. Энэ удаа Монгол Улсын УИХ-ын сонгуулийг ажиглахаар оролцож байгаа нь туршлага судлах сайн явдал болж байна. Мөн ирэх сонгуулийн үйл ажиллагаанд танай улсын Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг урьж байна. Саяхан манай улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын үеэр 14 төрлийн бичиг баримтад хоёр тал гарын үсэг зурсан. Үүнд хоёр орны сонгуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа ч орсон” гэлээ.

songuuli_2_tal_2 Узбекистан Улсын Сонгуулийн төв комиссын дарга Зайниддин Низамходжаев, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран уулзалтын үеэр. 2024.06.27