16,352 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцагт саналаа өгнө
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 16,352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан тухай Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа орон даяар болж байна.
Хуульд зааснаар
-Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч,
-Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч,
-Захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн авдаг.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглодог. Улмаар санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналыг хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.