Үерийн далан буюу инженерийн байгууламж дотор ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй.
Нийслэлд энэ зун олон жилийн дунджаас ахиу хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа аж. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аюултай бүсэд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, голын голдирлыг өөрчлөн барьсан барилгуудыг нурааж, түшиц хана хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан дотор ургасан мод, бут сөөгийг чөлөөлөх, лаг хагшаасыг цэвэрлэж байна гэж хотын захиргаанаас өчигдөр мэдээлсэн.
Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “1966-1975 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 24 км гар хийцлэл буюу шороон даланг хийсэн байдаг. Эдгээр даланг энэ жилээс төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Мод, бут сөөг нь усны урсцыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна. Бургасыг шилжүүлснээр үерийн хамгийн эрсдэлгүй нөхцөл байдал үүснэ” гэжээ.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 1253 км авто зам байдгаас 250 км нь ус зайлуулах шугам сүлжээтэй. Энэ онд 12 байршилд ус зайлуулах шугам сүлжээ барихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар зургаан байршилд хийжээ. Үлдсэн байршлуудад баяр наадмаас өмнө барьж дуусгахаар төлөвлөжээ.