06 сарын 26, 2024
Наадмын нээлт, хаалт долоон бүлгээс бүтнэ
Наадмын нээлт, хаалт долоон бүлгээс бүтнэ

Үндэсний их баяр наадмын нээлтийн үе. 2023.07.11

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг найруулагч Ц.Батнайрамдал, Г.Маргад-Эрдэнэ тэргүүтэй баг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа ажээ.

“Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”,  “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“,  “Их монголын аураг орд”,  “Дэлхийн нийслэл Хархорум”, “Түүхийн хүрдэн”, “Замбативийн жаргал” гэсэн 7 бүлэгтэй зохиолын дагуу үзэгчдэд хүргэнэ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг нь хүн төрөлхтний үүслээс эхлэн тэдний хэрэглэж байсан хэрэглэгдэхүүн, Монгол  орны хадны сүг зургаар дүрслэгдэн  олдсон  олдмол судалгаануудыг инновац болгон мөн Монгол  үндэсний язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт найруулсан  энтертайнмент, мюзикл дэг найруулгаар хийж байгаагаараа онцлог гэдгийг найруулагч Ц.Батнайрамдал хэлэв.

Харин хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч Х.Хашхүү, ерөнхий продюсероор Үндэсний урлагийн их театрын дарга Г.Цоггэрэл нар ажиллаж буй аж. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд урлаг соёлын нийт 12 арга хэмжээ зохион байгуулах бөгөөд долоодугаар сарын 10-ны өдөр төв талбайд “Учиртай гурван толгой” дуурийг нийтийн хүртээл болгох юм байна.