Гэрэл зурагчин Г.Өнөболдын зургийг ашиглав.
Зургаадугаар сарын бороо цас болж малгайлсан намар шиг жиндүү өдөр байсан. Үйлдвэрийн ажилтны дүрэмт хувцастай, ижил тэмдэгтэй цэнхэр шүхэр барьсан хүмүүс цас, бороо, хүйтэн нойтныг үл ажран “Ажлаа тайван хиймээр байна, Төр дарамтаа зогсоо” гэж хоолой нийлүүлэн эсэргүүцлээ илэрхийлээд даруй таван өдөр өнгөрчээ. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй аж.
“Ажлаа хиймээр байна” гэж тэмцдэг, ингэж нэгдэж үзэл бодлоо илэрхийлдэг хамт олон, байгууллага өнөөдрийн Монгол Улсад байдаг юм байна. Эв нэгдэлтэй бас зоригтой юм, Монполиметчууд. “Энэ халамжийг нэм, тэр албан тушаалтныг огцруул ...” гэдэг улс төрийн шинжтэй, төлбөртэй голдуу жагсаал харж, сонсож дадсан эрх баригчид, Төр, засийн тэргүүн энэ дуу хоолойг сонсоод гайхширсан болов уу?!
Гашуун үнэн нь бол цасанд дарагдах шүхрийн дор “Ажлаа хиймээр байна” гээд зогсож буй нэг компанийн ажилтнууд бол “Эх орондоо зүгээр л хүн шиг амьдарчихъя л даа” гээд аргаа баран тэмцэж буй мянга мянган монгол залуусын төлөөлөл юм. Төрийн, татварын, зээлийн хүүгийн дарамтад боомилуулж амьсгалах төдий л амиа аргацааж хаалгаа барьчихгүйхэн, өөрөө нурчихгүйхэн зүтгэж буй Монгол Улсын иргэдийн, бизнес эрхлэгчдийн төлөөлөл.
Монполимет групп дээр ямар нэгэн ажиллагаа явагдаад бараг сар болж. Тодорхойгүй шалтгаанаар гэв гэнэт ажиллаж, үйлдвэр уурхай, данс тооцоог нь хааж, 1300 гаруй ажилтан, тэдний гэр бүлийг санхүүгийн эрсдэлд оруулж, сэтгэл санааны хохирол учруулсан хууль хяналтын байгууллагынхан одоо хэний даалгаврыг хүлээгээд хөдөлгөөнгүй байна вэ?
Эхлээд орон байрыг нь нэгжиж, сандаачив. Эмэгтэй голдуу удирдлага, ажилтнууд шалгуулж, нэгжүүлж, уйлж сандарч, айж мэгдэж өнгөрүүлжээ. Тэгээд үүсгэн байгуулагч эмэгтэйг саатуулав. Гэхдээ гэм, зэмгүй тул суллав. Цаашлаад эмэгтэйн бий болгосон гэр бүл, үүсгэж байгуулсан компани, эвлүүлж нийлүүлсэн хамт олныг нь шалгах нэрээр данс тооцоог хааж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулав. Заримыг нь хааж лацдаж ид ажлын цагаар нь зогсоов. Ийм байдлаар ямар нэгэн зүйлд буруутгах ёстой гэдэг даалгавартай мэт үйл явдлууд өрнөж байгааг хүмүүс ажиглаж байна.
Ц.Гарамжав бол ээж, эмээ хүн. Бас монгол хүн. Тэрбээр эмэгтэй байгаа нь хэн нэгэнд дээрэлхэж болохоор харагдаад, дээр нь монгол хүн гэдэг нь хэн нэгний дургүйг хүргээд байна уу даа гэж хүмүүс анзаарч байна.
Уг нь тэр эмэгтэй Монгол Улсдаа гуч гаруй жилийн турш баялаг бүтээж, таван үйлдвэр байгуулж, 1000 гаруй монгол залуу хүнийг ажилтай, орлоготой болгожээ. Үйлдвэр барьж төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлээ хоёр дахин нэмэгдүүлж төлжээ, улсдаа.
Гаднын хөрөнгө оруулалтыг татаж стратегийн ач холбогдолтой цементийн үйлдвэр байгуулж улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг дэмжжээ. Улсын эрдэнэсийн санд хувь нэмрээ оруулахын сацуу хариуцлагатай уул уурхайн загварыг бий болгож 400 мянга гаруй мод тарьж, ургуулжээ, бас л монголдоо. Гуч гаруй жилийн хугацаанд Монгол Улсын төсөвт 500 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, өдөрт 70 гаруй сая төгрөгийн татвар төлдөг компаниуд байгуулжээ.
Эгэл жирийн инженер монгол эмэгтэй ахуй амьдралаа авч явахын, компани, хамт олноо амжилттай байлгахын, улс орныхоо хөгжилд өөрийн чаддаг зүйлээрээ хувь нэмрээ оруулахын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөжээ.
Эцэст нь түүнд өмнө өгүүлсэн үйл явдлууд тохиолджээ. Магадгүй тэрбээр эмэгтэй, ээж, эмээ байгаа нь, Монгол хүн байгаа нь, ингэж их хөдөлмөрлөсөн байгаа нь хэн нэгэнд таалагдахгүй байгаа бололтой.