2 Өдрийн өмнө.
ДХИС-ийн 500 сонсогч цэргийн тангараг өргөлөө
ДХИС-ийн 500 сонсогч цэргийн тангараг өргөлөө

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн Монгол Улсын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гарагт /2025.08.24/ Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд боллоо.

Дотоод хэргийн их сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд элсэн суралцахаар бүртгүүлсэн 7000 орчим элсэгчээс Элсэлтийн шалгалтын оноо, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн зэрэг шаталсан олон шалгуур болзлыг хангаж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж, сургалтаа амжилттай дүүргэсэн 500 орчим суралцагч эл өдөр цэргийн тангараг өргөж, албан ёсоор сонсогчийн жагсаалд нэгдсэн юм.

 

dhis_tangarag

Үйл ажиллагаанд оролцсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар шинэхэн сонсогчдод хандан хэлсэн үгэндээ Дотоод хэргийн их сургуульд суралцах хугацаандаа аюулгүй байдал, эрх зүйн шинжлэх ухааны эрдэмд суралцаж, эх оронч үзэлтэй, эрүүл чийрэг бие бялдартай, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, хүний эрхийг дээдэлсэн, мэргэшсэн чадварлаг хууль сахиулагч, шударга үнэний дуу хоолой болон бэлтгэгдэх учиртай гэдгийг онцолж байлаа.

Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт “Монгол Улсын Туурга тусгаар Монгол эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлахаа батлан тангараглаж, эх орны эрэлхэг хөвгүүд, охид болсон эрхэм шинэ элсэгч, шавь нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, алдар гавьяа, дайчин замналын 91 жилийн түүхтэй Дотоод хэргийн их сургуульд тавтай морилно уу хэмээн урьж байна” гэв.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт болон Захирлын зөвлөлийн гишүүд, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Б.Баатарсайхан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, доктор, бригадын генерал Т.Сүхболд, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Гансүх, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, доктор, хурандаа А.Намсаманд, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү, ЦЕГ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн дарга, доктор, цагдаагийн хошууч М.Түмэннаст нарын албаны төлөөлөл, багш, албан хаагчид, суралцагчдын ар гэрийнхэн оролцлоо.