Увайгүй үйлдэл чинь бусдад гай болно.
Өнөө цагийн монголчуудын хэнэггүй зан хэрээс хэтэрчээ. Хэнэггүй, хайхрамжгүй, хариуцлагагүй, увайгүй зангийнхаа золионд өөрөө хохироод зогсохгүй бусдыг хохироож, тэр битгий хэл эрдэнэт хүмүүсийн амь нас зуурдаар үрэгдэж байна.
Голд живж байсан хүүхдүүдийг авраад 19-хөн настай цэл залуухан амь үрэгдлээ. Хэрэв тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хариуцлагатай, хайрамжтай байсан бол энэ золгүй явдал тохиолдох байсан уу? Үүнийг бодож үзээрэй.
Хэн нэгний хүлээцгүй, анхааралгүй үйлдлийн улмаас өдөр бүр зам дээр осол гарч дүрмээрээ зорчиж явсан гэм зэмгүй хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Тэд буруутай үйлдэлдээ хэр гэмшдэг бол?
Хэн нэгэн ажил үүрэгтээ хариуцлагатай хандаагүйн улмаас тоглоомын талбайд тоглож байсан хүүхдүүд гэмтэж бэртэж, амь хохиров. Тэнд ганцхан төмөр гагначихсан бол, цахилгааны утсыг дарчихсан байсан бол хүний нялх үрс тийм харамсалтайгаар эндэх байсан гэж үү?
Мэргэжлийн байгууллагаас хоолойгоо сөөтөл сэрэмжлүүлсээр атал хэдэн хүн замд гарч, хэдэн малчин малаа бэлчээж аюулд унав? Хэзээ сонор сэрэмж, анхаарал болгоомжтой болох вэ, нийтээрээ?
Эцэст нь нэг зүйлийг л ойлгоосой. Таны увайгүй, хувиа хичээсэн хэнэггүй үйлдэл мөрөөрөө яваа хэн нэгэнд муу муухай зүйл дагуулдаг гэдгийг хүмүүс ойлгоосой. Өөртөө хайртай бол бусдыг бас хайрлаарай.