“Гэрээсээ гараад, сум ороод
Гэрээ би саналаа
Сумаасаа аймаг ороод,
Сумаа би саналаа
Аймгаасаа хот ороод,
Аймгаа би саналаа
Эндээс хилээ алхаад,
Эх орноо бүтнээр нь саналаа.
Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж
Энэ шүлэг эрхэм уншигч танд хэлэх гэсэн санааг минь төвөггүй дамжуулж буй биз ээ. Хилийн чанадад ажиллаж амьдарч, сурч хөдөлмөрлөж яваа олон мянган монголчуудынхаа хаана юу хийж, юу бодож сэтгэж, юу үзэж туулж, хэрхэн амьдарч байгааг хүргэхээр зорьсон “Зурвас даваад…” булангийнхаа анхны ярилцлагыг хүргэж байна.
Манай анхны зочин дуучин СТА Ц.Бизьяа бөгөөд түүнийг цагдаагийн Сүлд чуулгад гоцлол дуучин байснаар нь таних хүн цөөнгүй биз ээ. Харин япон дахь монголчууд түүнийг долоон жилийн турш хүнд өвчинтэй тэмцэж ялан дийлсэн нэгэн, бусдад сэтгэлийн хат, тэвчээр эерэг хандлагаар нөлөөлөгч гэдгээр нь бахархан танина. Тэрбээр япон дахь “Монголын мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн холбоо” байгуулахаар нөхдийн хамт хэдийнээ ажилдаа оржээ.
-Өдрийн мэнд хүргэе. Хоёулаа таны хүүхэд насны тухай ярилцаж эхэлбэл ямар байна вэ?
-Тэгье ээ. Юуны түрүүнд танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Ховд аймгийн төв Жаргалант суманд төрж өссөн. Гурван хүүхэдтэй айлын бага хүү. Аймгийнхаа 1 дүгээр сургуулийг төгссөн. Сурагчийн амралтаар өвөл, зун хөдөө очиж өвөө эмээдээ тусалдаг,хурдан морь унадаг, малд нүдтэй, ажилсаг гэгддэг л хүүхэд байлаа (инээв). Бага ангидаа сургуулийн спартикиадын 100-200 метрийн гүйлтэд ороод түрүүлчихдэг спортлог бас зураг зурдаг ер нь олон юманд сонирхолтой хүүхэд байсан.
-Хэрхэн өөрийн дуулах авьяасаа нээн, хөгжүүлж байсан бэ?
-Энэ их санаандгүй зүйл болсон юм. Дөрөвдүгээр ангидаа урлагийн үзлэгт дуу дуулаад хамгийн анх өөрийгөө дуулж болох юм байна гэдэг мэдрэмж авсан. Харин тавдугаар ангид ороод байнга түрүүлдэг байсан нөгөө гүйлтдээ түрүүлж чадаагүй. Тэр үеэс өөрийгөө спортод биш өөр зүйлд сорих болсон. Өөрийгөө шинээр хайж байх энэ үед аймгийн Хүүхдийн төлөө төвд найрал дууны дугуйлан нээгдэж тэнд орсноор урлагт, дуунд илүү татагдаж эхэлсэн. Ингээд долоодугаар ангиасаа эхлээд сургуулиа төлөөлж дууны уралдаан тэмцээнд ордог болсон доо.
Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин Ц.Бизьяа
-Тэгвэл та сургууль төгсөхдөө мэргэжил сонголтоо хийчихсэн байжээ?
-Ер нь дуучин, урлагийн хүн болно гэж боддог болчихсон байсан. Надад бас нэг сонголт байсан юм. Би зураг, хөдөлмөрийн хичээлдээ их дуртай сонирхолтой идэвхтэй сурагч байв. Ахлах ангид ороод сүүлийн хоёр жил дараалан хөдөлмөрийн хичээлээр техник технологийн олимпиадад оролцоод аймгаасаа шалгарч улсын олимпиадад оролцсон. Тухайн үед технологийн сургуулиас сургалтын хөнгөлөлттэй суралцах урилга хүртэл ирж байлаа. Урлагийн сургуульд орохдоо багын найз Б.Гомбо-Очир (одоо УДБЭТ-ийн гоцлол дуучин МУГЖ) бид хоёр аймагт СУИС-ийн дуулаачийн ангийн хуваарь ирээгүй болохоор Ховдоос Улаанбаатар хотод очиж шалгалтаа өгч СУИС-д дуурийн дуулаачийн ангид тэнцсэн.
Ингээд Ардын жүжигчин А.Дашпэлжээ болон төгөлдөр хуурч МУГЖ Л.Халиунсүрэн багшийнхаа шавь болж СУИС-д дуурийн дуулаач мэргэжлээр 2006-2011 онд суралцсан. Сургуулиа төгсөөд Монгол Улсынн СГЗ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн агсны нүдэнд өртөж бахархалт цагдаагийн Сүлд чуулгад орж байлаа. Чуулгад ормогцоо баруун аймгуудын аялан тоглолтын бие бүрэлдэхүүнд багтаж явах их завшаан тохиож, хамт олонтойгоо ч хурдан нэгдэх боломж бүрдсэн.
Энэ аялан тоглолтын үеэр Ховд аймагтаа очоод дэд ахлагч цол аваад албан ёсоор цагдаагийн бие бүрэлдэхүүнд орж байлаа. Анхны аялан тоглолтоос их зүйл сурч, сайхан ч дурсамжуудыг бүтээсэн. Ингээд чуулгадаа 2011-2017 он хүртэл ажилласан. Харин 2017 оноос японд ирээд одоог хүртэл ажиллаж амьдарч явна даа.
-Уран бүтээлч хүний хувьд ид “мандаж” яваа үедээ яагаад японыг зорьсон юм бэ?
-Амьдралд минь хамгийн хүнд зүйл тохиолдсон цаг үе байгаа юм. Энэ үеийг яаж даван туулснаа санахад бэрх байдаг. Би оюутан байхдаа эхнэртэйгээ танилцаж бие биедээ анхны харцаар дурлан үерхээд, удалгүй амьдралаа холбосон. МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн шинэхэн оюутан, монгол хэл дөнгөж сурч байгаа япон охинтой ийнхүү амьдралаа холбож байв. Морь унах дуртай тэр маань монголд аялалаар ирснийхээ дараа монголын талаар илүү их мэдэж, танилцахын тулд дараа жил нь оюутан болоод ирсэн нь тэгж биднийг учруулсан юм. Бид хоёрын оюутан насны үерхэл хамтын амьдрал болоод хоёулаа сургуулиа төгсөж, ажилд ороод явж байлаа. 2016 онд хүүхэдтэй болсноо мэдээд Улаанбаатарын утаанаас зугтахын тулд бид японд очиж шинэ хүнээ өлгийдөн авах бас тэндээ хэсэг амьдрахаар төлөвлөлөө. Ингээд японд ирээд охин маань мэндэлсний дараа надад хүлээлгэж өгөх, дуусгах ажлууд байсан тул эргэж монголдоо ирээд байтал 2017 оны хоёрдугаар сард аялан тоглолтын үеэр бие гэнэт муудаж эмнэлэгт хэвтсэн.
Бөөрний архаг дутагдал оноштой яаралтай диализын аппарат эмчилгээнд орох ёстой болсон. Удалгүй япон явна гэж байтал гэнэт эхнэр минь зургаахан сартай охиноо үлдээгээд зуурдаар тэнгэрийн орон руу явчихсан тухай мэдээ сонссон Одоо тэр үеийг үгээр хэлэхэд ч аймар байдаг. Японд ирээд бяцхан охиноо үнэрлээд амьдрах тэмцэх ёстой гэж өөрөө өөрийгөө, сэтгэл зүйгээ барьж байсан даа. Тэр үед ээж, аав, гэр бүл, найз нөхөд, хамт олон болон Ховд нутгийн сайхан сэтгэлт хүмүүс хажуугаас минь дэмжиж амьдрах ёстой, үр хүүхдийнхээ төлөө тэмцэх ёстойг минь сануулж, итгэл өгсөнд үнэхээр талархаж явдаг. Үжил хүндэрсэн бөөрний архаг дутагдал, элэг уушгины дутагдалтай хавсарсан оноштой япон улсад хэвтэн эмчлүүлж байх үед Цагдаагийн Сүлд чуулга, Ховд аймгийн нутгийн зөвлөл, Ховд уран бүтээлчдийн нэгдлээс маань “Халуун сэтгэлийн хандив”-ын аян өрнүүлж 100 сая гаруй төгрөгийг миний эмчилгээний зардалд хандивласан. Надад хамгийн үнэтэй сэтгэлийн дэмжлэг хайрласан энэ хандивт нэгдсэн, хандивын тоглолтод оролцсон нийт уран бүтээлчид, монголын ард түмэн, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн та бүхэндээ баярлаж талархаж явдагаа энэ дашрамд хэлмээр байна.
Ц.Бизьяа охины хамт
-Тэр үеэс хойш та долоо хоногт гурван удаа диализын аппарат эмчилгээ хийлгээд 7 жил болжээ. Энэ аппарат эмчилгээ нь хүнийг цусыг юүлээд буцаагаад шахдаг гэж ойлгосон. Япон бол өвчтэй хүн бүү хэл эрүүл чийрэг залуус ирээд шантраад буцдаг заримдаа хатуу хүний газар шүү дээ. Энэ бүхнийг даван туулах сэтгэлийн хүч, өөрийгөө зоригжуулж тэмцсэн сэдэл чинь бас том байж чаджээ. Тэр юу байсан бол?
-Хүний эцэг эх болно гэдэг маш том үүрэг хариуцлага шүү дээ. Зургаахан сартай өнчирч үлдсэн охиндоо дахиад хагацал үзүүлэхгүй гэсэн минь өдий зэрэгт намайг хурцалж, хатуужуулж “босгож”-дээ гэж бодогдож байна.
-Олон жил хийлгэсэн эмчилгээгээ эцэслэн өнгөрсөн жил бөөрний хагалгаанд орсон шүү дээ. Одоо таны бие бүрэн эдгэрсэн үү?
-Өнгөрсөн жил аав маань энд ирээд донорын шинжилгээ өгөөд боломжтой гэсэн хариу гарч 2023 оны наймдугаар сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Хагалгааны дараа миний биед бага зэрэг хүндрэл гарсан хэдий ч одоо аюул ард хоцорсон. Аав бид хоёр хоёулаа сайн байгаа. Миний хувьд ойрын 2-3 жилийн хугацаанд хагалгааны дараах эм бэлдмэл, эмнэлгийн товлолт үзлэг, гам барих гэх мэт зүйлс байгаа. Мөн хагалгааны өмнө “Гэрэлтэх амьдрал” нэртэй хандивын тоглолт зохион байгуулсан. Үүнд дэмжиж тусалсан, оролцсон, үзсэн хандив өргөсөн бүхий л халуун сэтгэлт хүмүүстээ, хайртай аав, ээждээ баярлалаа.
-Та хүнд өвчнөө ялан дийлэхээс гадна хамгийн сүүлд гэхэд л “Мөнгөн үдэш” нэртэй япон дахь монголчуудын шинэ жилийн цэнгүүн зохион байгуулсан. Бас “Хөх тэнгэрийн орон” нэртэй VIP тоглолт гээд энэ завгүй газар ингэж идэвхтэй байдаг шалтгаан юу вэ?
-Японд ажил, амьдралын шаардлагаар ирсэн мэргэжлийн уран бүтээлч олон байна. Энд ирээд мэргэжлийнхээ ажлыг хийх боломжгүй ч уран бүтээлээ хийх хүсэл их байдаг. Дээр нь япончуудад монголынхоо соёл урлагийг сурталчилах, таниулах энд сурч, ажиллаж амьдарч байгаа элэг нэгт монголчуудынхаа нутгаа санах сэтгэлийг дэвтээсэн, баяр хөөрийг хуваалцсан, уярал ухаарал, сэтгэлийн дэм, урам хайрлах арга хэмжээ дутагдаж байдаг. Үүнд өөрийн хувь нэмрээ оруулах нь бас монгол хүний, урлагийн тогоонд явсан хүний хувьд гүйцэтгэх үүрэг гэж бодож урлагийн ахан дүүстэйгээ ярилцаж нэгдээд Япон дахь “Монголын мэргэжлийн уран бүтээлчдийн холбоо” байгуулах ажлаа эхлүүлээд явж байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуухыг хүссэн нэг зүйл байгаа юм. Японд ажил дээр бол өөрөөсөө өмнө орсон хүнийг хүндэтгэн, сургуульд бол дээд ангийн ах эгч нарыг Сэнпай гэдэг. Одоо японд сурахаар, ажиллахаар сонирхож байгаа, ирээд удаагүй залуус, дүү нартаа “сэнпай” таны дайх үг юу вэ?
-Японд ирээд сураад, ажиллаад эхлэхээр урьд нь төсөөлж, бодож, сонсож байснаас чинь огт өөр, хүнд хэцүү шантармаар үе зөндөө гарна. Тэрийг л тууштай байж, жоохон хичээж байгаад даваад гарах юм бол цаана нь боломж зөндөө байдаг юм шүү гэдгийг л хэлье дээ.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.