Монголын талд хоёр сайн хүлэг хатирна: Энэтхэг болон Монгол Улс Бээжингийн сүүдрээс цааших замаа зурж байна
Монголын талд хоёр сайн хүлэг хатирна: Энэтхэг болон Монгол Улс Бээжингийн сүүдрээс цааших замаа зурж байна

Ерөнхий сайд Нарендра Моди 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Энэтхэгийн Шинэ Дели хотын Хайдарабад ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзав. (Зураг: Энэтхэгийн Хэвлэл мэдээллийн товчоо / REUTERS-ээр дамжуулан тараасан матери

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Энэтхэг улсад Төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын талаар Энэтхэгийн “Firstpost.com” мэдээллийн сайтад сэтгүүлч Нинад Д Шед /Ninad D Sheth/-ийн бичсэн өгүүллийг орчуулан хүргэж байна.

Тэнгэрийн хаяатай нийлсэн мэт монголын хязгааргүй уудам тал нутгаар хоёр сайн хүлэг газар зүйн орон зай, геополитикийн хязгаарлалтыг үл ажран хамтын зорилгынхоо төлөө хатируулан гарч ирлээ. Гималайн өндөр уулсаар тусгаарлагдсан ч эртний Буддын шашны холбоосоор нэгдсэн Энэтхэг, Монгол хоёр дипломат ажиллагааны тоос татуулан давхиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ долоо хоногт Энэтхэг улсад хийж байгаа төрийн айлчлал, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж буй нь зүгээр нэг ёслолын арга хэмжээ бус илүү гүн утга учрыг илтгэж байна. Энэхүү харилцааны гол цөмд Бээжингийн сэтгэл түгшин анхаарч буй сонирхол татам нэгэн зүйл нь: Далай ламын өнцөг. Энэ бол Дээрхийн гэгээнтний хойд дүрийн тухай асуулт юм.

Энэтхэг, Монголын оюун санааны харилцаа нь дипломат харилцаанаас хамаагүй гүн юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хоёр үндэстэн буддизмаас үүдэлтэй “гүн, сүнслэг болон оюун санааны холбоо”-той гэж тодорхойлсон нь бий. Ирэх жил Энэтхэг улс Бурхан багшийн шавь нар Сарипутра, Маудгаляяна нарын ариун чандрыг Монголд аваачих бөгөөд энэ нь хоёр орны өвөрмөц холбооны илэрхийлэл. 2022 онд Капилавастугийн малтлагаас олдсон Бурхан багшийн ринслийг монголд дэлгэн үзүүлсний дараа эдгээр дурсгал нь “оюун санааны ахан дүүс”-ийн соёл иргэншлийн залгамж холбоог илтгэх бэлгэдэл байсан юм.

Мөн Энэтхэг улс Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд санскрит хэлний сургалтыг явуулах, эртний нэг сая тооны гар бичмэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж буй нь соёлын хамтын ажиллагааны гүн гүнзгий байдлыг илтгэнэ.  Наландагийн их сургууль Гандантэгчэнлин хийдийн хамтын ажиллагаа нь эртний эрдэм шинжилгээний холбоог эргэн сэргээж байна. Ийм соёлын зөөлөн хүч нь эдийн засгийн гэрээ, цэргийн холбооноос илүү урт настай байх нь олон.

Гэсэн хэдий ч Энэтхэг, Монголын харилцаанд онцгой стратегийн жин дарж буй нь Далай ламын асуудал юм. Төвөдийн буддын шашны нарийн төвөгтэй геополитикт Монголын өвөрмөц байр суурийг дутуу үнэлж болохгүй. Монгол Улс Төвөдийн буддын шашны удирдагчдын хойд дүрийг тодруулах үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. “Далай лам” хэмээх цолны “далай” гэдэг нь монгол үгээс гаралтай бөгөөд энэ нь зуун зууны турш үргэлжилсэн оюун санааны холбоог илтгэдэг. Далай ч үүнийг хүлээн зөвшөөрч “Монгол, Төвөд хоёр түүхийн турш ихэр мэт байсаар ирсэн” хэмээн хэлсэн байдаг.

14 дүгээр Далай лам 90 нас хүрэх гэж буй энэ үед түүний дараагийн дүрийн асуудал хурцадмал байна. Монгол Улс дараагийн Далай ламын төрсөн нутаг байж магадгүй нь Бээжинг түгшээж буй юм. Хятад улс 2007 онд дахин төрөх/ хойд дүр тодруулах үйл явцад төрийн хяналт тавих тухай журам гаргасан нь энэ уламжлалд нөлөөлөл нь алдагдах вий гэсэн тэдний түгшүүрийг илтгэдэг.

2023 онд Далай лам Америкт төрсөн монгол хүүг Богд Жавзандамба хутагтын 10 дугаар дүр хэмээн зарласан нь хойд дүр тодруулах залгамжийг тойрсон хурцадмал байдлын эхний мэдээ болсон юм. Буддын шашны хойд дүрийг тодруулах үйл явцыг хянах Хятадын үйл ажиллагааны туршилтын талбар магадгүй Монгол Улс. Эл оюун санааны тулалдааны талбар нь Энэтхэг, Монголын харилцаанд гүн гүнзгий нөлөө үзүүлэх тул хоёр үндэстэн авторитар хөндлөнгийн оролцооны эсрэг Буддын шашны жинхэнэ уламжлалыг хадгалахыг эрэлхийлж байна.

Оюун санааны холбооноос цааш

Энэхүү айлчлал оюун санааны холбооноос гадна гарт баригдахуйц эдийн засгийн үр өгөөжийг авчирч байна. Энэтхэгийн Монгол Улсад хэрэгжүүлж буй 1.7 тэрбум ам.долларын өртөг бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь гадаад дахь хамгийн том хөгжлийн санаачилга бөгөөд 2,500 гаруй энэтхэг мэргэжилтэн монголчуудтай хамт ажиллаж байгаа юм. 2028 онд ашиглалтад орох төлөвтэй энэхүү үйлдвэр жил бүр 1.5 сая тонн түүхий нефть боловсруулж, Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Ашигт малтмалын хэмжээ нь ирээдүйтэй хэтийн төлөвийг тодорхойлдог билээ. Шинэ Дели цөмийн түлшний эх үүсвэрээ төрөлжүүлэхийг эрмэлзэж буй энэ үед Монголын 90 мянган тонн ураны нөөц Энэтхэгийн сонирхлыг татаж байна. Монгол Улс саяхан Францтай байгуулсан уран олборлох 1.6 тэрбум ам.долларын гэрээний дараа Энэтхэг улс ижил төстэй хамтын ажиллагааг сонирхож буйгаа илэрхийлэв.

Гэвч газарзүйн байршил нь байнгын сорилт дагуулдаг. Орос, Хятад хоёрын дунд хавчигдан оршдог далайд гарцгүй Монгол Улс Энэтхэг шиг алс холын түншүүдтэй худалдаа хийхэд логистикийн төвөгтэй асуудал тулгардаг. Ашигт малтмалын тээвэр нь Хятадын Тяньжин эсвэл Оросын Владивосток боомтоор дамжин өнгөрөх ёстой бөгөөд Энэтхэг-Оросын стратегийн харилцааны улмаас зардал өндөр ч сүүлийнхийг нь илүүд үздэг.

Батлан хамгаалахын салбар хамтын ажиллагааны өөр нэгэн тулгуур болж байна. Энэтхэг улсаас Улаанбаатар хотод батлан хамгаалахын атташе томилон ажиллуулж, Монгол Улсын хил хамгаалах албаны чадавхыг бэхжүүлэх шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон нь стратегийн уялдаа холбоо илүү болж буйг харуулж байгаа юм. “Нүүдэлчин заан”, “Хааны эрэлд” зэрэг хамтарсан сургуулилалт нь цэргийн бодит хамтын ажиллагааг харуулдаг. Мөн Энэтхэг Монгол Улстай хамтран кибер аюулгүй байдлын томоохон санаачилга гаргасан.

Хоёр орны хамтын ажиллагаа гүнзгийрч энэхүү цаг хугацаа нь онцгой ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр зарласан соёлын санаачилга, Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй цахим виз олгох, солилцооны хөтөлбөрүүд, дурсгалын марк зэрэг нь тогтвортой түншлэлд хоёр орны ард иргэд хоорондын бат бөх харилцаа хэрэгтэй гэдгийг харуулж байна. Ладак муж болон Монголын Архангай аймаг хооронд байгуулсан санамж бичиг нь бат бөх байх боломжтой шууд холбоо харилцааг бий болгосон.

Энэ хоёр адуу “дипломатын тал нутаг”-аар зэрэгцэн давхиж байхад тэдний түншлэл эмээл дээрээ тогтвортой харагдана. Оюун санааны холбоо, эдийн засгийн боломж, стратегийн зохилдлого болон соёлын ойр байдал нь газар зүйн онцлогийг даван туулах суурийг бий болгоно. Амаргүй байх нь мэдээж, гэхдээ тэдний хамтын амлалт нь жинхэнэ Буддист уламжлалуудыг гаднын манипуляц нөлөөллөөс хамгаалах гэсэн соёл иргэншлийн тэсвэр хатуужлын үлгэр болсон загвар юм.   

(Энэхүү өгүүллийн бичигч нь батлан хамгаалах чиглэлээр мэргэшсэн ахлах сэтгүүлч юм. Өгүүлэлд тусгагдсан үзэл бодол нь хувийнх бөгөөд Firstpost сайтын албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.)

Эх сурвалж: Firstpost.com