Эх сурвалж: СЕХ
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос байгуулагдсан “Хилийн чанад дахь монгол иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн чиглэл болгосны дагуу техникийн шийдэл, туршлага судлах уулзалт өчигдөр (2025.10.15) болжээ.
Сонгуулийн автоматжуулсан систем үйлдвэрлэгч “Доминион вөүтинг системс” компанийн олон улсын бизнес хариуцсан захирал Даллас Ньюбай компанийнхаа олон улсад нэвтрүүлсэн туршлага, шийдэл, шинэ төхөөрөмжийн талаар УИХ-ын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг болон Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын удирдлага, холбогдох албан хаагчдад танилцуулга хийжээ.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, “Үндэсний Дата төв” УТҮГ-ын захирал М.Баттулга нарын төлөөлөл болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат болон холбогдох газрын албан хаагчид оролцов.