Зургийн эх сурвалж- Ravixxdesigns
Нийслэлийнхний толгойны өвчин болсон асуудлууд нэмэгдсээр. Өнгөрсөн жилээс үерийн гамшиг биднийг айлгах боллоо. Бороо гэвэл хамгийн түрүүнд үер л гэж бодогдох болжээ. Өнгөрсөн зуны үерт олон ч аж ахуй нэгж эд хөрөнгөөрөө “шатаж”, олон айл орох оронгүй хоцорсон. Уг явдлаас нэгэн орхиж үл болох асуудал нь жилийн дөрвөн улиралд хашаа, гэрээ манаж буй нохдын амь юм. Хашаандаа гинжлээтэй чигээрээ живсэн нохдын сэтгэл эмзэглүүлэм гэрэл зургуудыг одоо хүртэл мартаж чадаагүй амьтанд хайртай залуус усархаг бороотой өдрүүдэд нохойгоо уяж үлдээхгүй байхыг цахим орчинд уриалж байна.
Нохой тэжээж буй эзэд “Энд тэнд бааж, шээчихдэг, үүнийг цэвэрлэх төвөгтэй” гэх мэтээр төвөгшөөх нь элбэг. Мөн сул явж байгаад хүн урах, нохой буудлагад өртөхөөс сэрэмжлэн уях ч тохиолдол цөөнгүй. Гэвч заавал гинжилж уяхаас өөрөөр тэжээх боломж бий гэж боддог. Амьтны эрхийн талаарх ойлголт төлөвшөөгүй манай улсын иргэдийн хувьд хүний аминаас үнэтэй зүйл гэж юу байдаг юм хэмээн эгдүүцэж магадгүй. Гэхдээ бид энэ дэлхий дээр хүнээс гадна амь амьдрах эрхтэй гэдгийг ойлгох нь зүйтэй юм.
Нийслэлд гэр хорооллын 400 мянга гаруй өрх байдаг. Тэд жилд дунджаар 120 мянган нохой, муур тэжээдэг гэсэн судалгаа бий. Эдгээр амьтны эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд цөөнгүй ч нийгмийн цөөн хэсэгт л хүрч чадаж байна. Нэг үгээр бол төр нохдыг устгах /буудах/ асуудлыг чухалчилж, эсрэгээрээ амьтны эрхийг хамгаалах эвлэл, төрийн бус байгууллагууд тэднийг асарч хамгаалах ажлыг үүрсээр ирсэн.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Азтай савар” ТББ "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг УИХ-д өргөн барьж, баталсан. Уг хууль батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн эрх, үүргийг зааж, хэрхэн үрчилж авах талаар зохицуулалттай болох юм.
Тус хуулийн
- 9.1.4.гэрийн тэжээвэр амьтныг хоол хүнсээр хангах, халдварт өвчин, гэмтэл бэртэл авахаас урьдчилан сэргийлэх;
- 9.1.5.гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах гэж тус тус заажээ.
Хэдийгээр тус хуульд нохойг гинжлэхийг хориглоно гэх хуулийн заалт байхгүй ч улирлын онцлогт тохирсон, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангана гэж заасан буйг анхаарах нь зүйтэй. Мөн нохой, муурын эзэн гэх нэр томъёо байхгүй бөгөөд асран хамгаалагч гэж тодорхойлж буйг онцолмоор байна.
Энэ зун үер болох өндөр эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна. Иймд иргэд та бүхэн өөрийн эд хөрөнгийг үерийн эрсдэлээс урьдчилан хамгаалахын сацуу амьтдын асран хамгаалагчийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна. Амьтад ч бас амьд байх эрхтэй.