МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярын асуудалтай холбоотой албан бичгийг СЕХ-д хүргүүлэв.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ МАН-аас өөрийн нь нэр дэвшигчээс эргүүлэн татах хуулийн үндэслэл байхгүй. Тиймийн тул түр зогсоогоод буй сонгуулийн сурталчилгаандаа оролцож, нэр дэвшигчийн ажлаа үргэлжлүүлээд явна гэж бодож байна” гэсэн.
Тэгвэл дөнгөж сая МАН-ын зүгээс Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн байна. Энэ тухай тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын Сонгуулийн төв штабаас улс төрийн шийдвэр гаргаж нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зогсоох, эргүүлэн татах асуудлаар албан бичгийг албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд хүргэж, хандлаа” гэж мэдээллээ.
Мөн нэр дэвшигч Г.Сайханбаяр тухайн гэмт хэрэгт холбогдогчтой уулзаж албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй, тус этгээд сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцож эхлээгүй байсан боловч Сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, эмх замбараатай явуулахын тулд нэр дэвшигчид ёс зүйн хариуцлага тооцож уг шийдвэрийг гаргасан гэдгийг хэлэв.
Г.Сайханбаярын нэр дэвшиж УИХ-ын ээлжит сонгуулийн нэгдүгээр тойрогт хамаарах нутаг дэвсгэр буюу Өвөрхангай аймгийн Сант суманд хүний амь нас хохирсон хэрэг энэ сарын 15-нд гарсан бөгөөд бусдын амь насыг хохироосон этгээд нь нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны ажилд ухуулагчаар ажиллаж байсан гэдэг мэдээлэл нийтэд ил болоод буй юм.