Сонгуулийн сурталчилгаандаа оролцож, нэр дэвшигчийн ажлаа үргэлжлүүлээд явна гэж бодож байна.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь, тус тойргийн хамаарах нутаг дэвсгэр буюу Өвөрхангай аймгийн Сант суманд хүний амь нас хохирсон хэрэг энэ сарын 15-нд гарсан бөгөөд бусдын амь насыг хохироосон этгээд нь нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны ажилд ухуулагчаар ажиллаж байсан гэдэг мэдээлэл нийтэд ил болоод буй.
Мөн миний бие ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг сахиж улс төрийн сонгуулийн сурталчилгаагаа одоогоор зогсоогоод байна. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгүйгээр гүтгэж байна. Намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг өөрсдийнхөө улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Энэ асуудлаар С.Ганбаатар, Л.Гантөмөр нартай хаана байгаа газарт нь очиж уулзана гэж бодож байна гэлээ.
Тэрчлэн уг асуудлыг сонгуулийн болон хууль хяналтын бүх шатны байгууллагад тавина гэж мэдэгдээд энэ удаагийн сонгуулийн нийт нэр дэвшигчдийг ёс зүйтэй, шударгаар өрсөлдөхийг уриалсан.
Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Нэр дэвшигчийг эргүүлэн татна гэж МАН-ын удирдлагын зүгээс мэдэгдсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд ийм асуудал яригдахгүй. Тиймээс сонгуулийн сурталчилгаандаа оролцож, нэр дэвшигчийн ажлаа үргэлжлүүлээд явна гэж бодож байна” гэсэн юм.